СҮХБААТАР: Бүсчилсэн хөгжил бол туршлага судлах уулзалт
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмонгоор ахлуулсан ажлын баг Сүхбаатар аймагт ажиллалаа.
Тодруулбал, аймаг орон нутгийн төлөвлөлт, бүтээн байгуулалт, цаашид хийж хэрэгжүүлэх төсөл
хөтөлбөр, томоохон ажилтай танилцаж, туршлага судлав.
Туршлага судлах бүрэлдэхүүнд
Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга А.Жаргалсайхан, ИТХ-ын нарийн
бичгийн дарга Ш.Жавхлан, Хэрлэн сумын Засаг даргын орлогч А.Боргил тэргүүтэй таван байгууллагын 37 албан хаагч багтжээ.
Аймаг, аймагт хийж дадсан, тэр нь өндөр ач холбогдол бүхий ажил, үйл ажиллагаанууд бий. Энэ давуу талаас суралцаад, өөрийн аймаг орон нутагтаа нутагшуулах, цаашлаад бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн аймгууд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ харилцан ярилцаж байгаа нь сайн жишиг. Нөгөө талаас төрийн албаны шат шатандаа бид нэг нэгнээ таньж мэддэг байх нь чухал. Тиймээс энэ удаагийн туршлага судлах ажлын багийнхны зорилгыг маш зөв гэж үзэж дэмжин ажилласан гэдгээ Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат тодотголоо.
Харин Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон хэлэхдээ, Сүхбаатар аймаг тэр дундаа Баруун-Урт сумын газар зохион байгуулалт, төлөвлөлт нь үнэхээр сайн болсон байна. Анхнаасаа зөв төлөвлөөд яг түүнийгээ барьж бодлогоо хэрэгжүүлж ажилласан нь үр дүнгээ өгч, аймгийн төв нь үнэхээр эмх цэгцтэй бас өнгөлөг санагдлаа. Манай албан хаагчид чиглэл чиглэлээрээ танилцаж, туршлага судалж, газар дээр нь очиж танилцаж яваа. Эндээс олон санааг олж, очоод бодит ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байна. Мөн бид Хэнтий, Сүхбаатар гээд чиг чигээрээ явах биш бүсчилж хөгжих шаардлага бий болсон энэ цаг үед ингэж уулзаж, асуудлаа ярилцаж, шийдлээ хуваалцана гэдэг бол олон талаараа ач холбогдолтой гэв.