В.Зеленский АНУ-ын тусгай элчтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-02-21 09:28:46

КИЕВ, 2025 оны хоёрдугаар сарын 21 /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчийн Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлогтой пүрэв гарагт уулзжээ. 


Уулзалтын дараа тэд хамтарсан хэвлэлийн хурал хийсэнгүй. Украины Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлснээр,  Америкийн талын хүсэлтийн дагуу хэвлэлийн хурлыг цуцалсан байна. 


К.Келлог гурван өдрийн айлчлал хийхээр хоёрдугаар сарын 19-ний өглөө Киевт хүрэлцэн ирсэн юм. Мөн өдөр  түүнийг Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский, тусгай албадын удирдлагууд, мөн Украины Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Андрей Ермак нар хүлээн авч уулзжээ. 


Мөн Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига К.Келлогтой пүрэв гарагт уулзлаа. А.Сибигагийн хэлснээр, уулзалтын үеэр талууд шударга, бат бөх, цогц энхтайвныг тогтоох арга замыг хэлэлцжээ. "Украин улс энх тайвныг хүчээр тогтооход бэлэн байгаа гэдгийг бид дахин мэдэгдсэн. Түүнчлэн Украин болон Атлантын далайг дамнасан бүс нутгийн аюулгүй байдал нь салшгүй гэдгийг дахин онцоллоо" гэж тэрбээр олон нийтийн X сүлжээнд бичсэн байна. 

Холбоотой мэдээ