ХӨВСГӨЛ: Энэ онд бяслагийн 20 үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. УИХ-ын
Д.Батлутаар ахлуулсан ажлын баг Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгоход санал дүгнэлт, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын баг тус аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хөвсгөл аймагт нийт 8100 гаруй иргэн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ, бичил бизнес эрхэлж байна.
Тодруулбал, үр тариагаараа 100 хувь дотоодын зах зээлээ хангадаг бол хүнсний ногооны 38 хүртэлх хувийг, талх, нарийн боовны зах зээлээ 100 хувь, сүү сүүн бүтээгдэхүүний 35 хувийг хангаж байна.
Усалгаат аж ахуй, зоорийн аж ахуй эрхлэх бүрэн боломжтой.
Энэ онд нийт бяслагийн 20 үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. “Бүтээлч Хөвсгөлийнхөн” хөтөлбөрийн хүрээнд энэ жилийг өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарлаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарч ажиллаж байгаа талаар тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх мэдээллээ.
Иргэд, бизнес эрхлэгчдийн ихэнх нь банкны өндөр хүүтэй зээл авч, үйл ажиллагаагаа явуулж байна.
Банкнаас зээл авч хүү төлөхийн зэрэгцээ, нэмээд энэ мөнгийг эргэлтэд оруулсныхаа төлөө татвар төлж байгаад зохицуулалт хийх хэрэгтэй байна.
Тог цахилгааны үнийг нэмэгдүүлснээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, ашигт ажиллагаа буурч байна.
Мөн 50 саяас доош орлоготой өрхийн үйлдвэрлэгчид НӨАТ төлөгч биш учраас бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авч борлуулах дэлгүүр хоршоо олдохгүй байгаа тул үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүйд хүрч байгаа талаар тулгамдаж буй асуудлаа ярьж байлаа.
Ажлын баг иргэдээс гарсан санал хүсэлтэд
тулгуурлан нөхцөл байдалд үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд хуулийн төсөлд
өөрчлөлт оруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.