Гретцки, Овечкин нарын гоолын зөрүү 12 боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-02-24 08:14:07

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 24 /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, довтлогч Александр Овечкин “Эдмонтон Ойлерз” багтай хийсэн тоглолтод гурван шайб оруулж, хет-трик хийлээ.


Өөрийн талбайд тоглосон вашингтончууд 7:3 харьцаагаар Канадын багийг “бутниргэсэн” байна. Тоглолтын үеэр Овечкин гоол оруулах бүртээ үзэгчдийн суудалд суугаа том хүү Сергей, бага хүү Илья, эхнэр Анастасия нартай баяр хөөрөө хуваалцаж байв.


Ингэснээр түүний хувьд Үндэсний хоккейн лигийн /NHL/ аварга шалгаруулах тэмцээний түүхэнд хамгийн олон гоол оруулсан домогт Уэйн Гретцкигийн амжилтыг давтахын тулд 12 шайб оруулах үлдлээ. У.Гретцки 1487 тоглолтод оролцохдоо нийт 894 гоол оруулсан юм. Өдгөө 39 настай А.Овечкин энэ улиралд 41 тоглолтод оролцохдоо 29 шайб оруулж, 14 оновчтой дамжуулалт хийгээд байна.


NHL-ийн тоглогчдыг хамруулсан Дөрвөн үндэстний тэмцээнээс шалтгаалан лигийн тоглолтууд түр завсарласан нь Овечкинд амарч сэргэх боломж олгожээ. Тэрбээр нарлаг Флоридад гэр бүлийнхний хамт амрангаа 1992 оны Олимпын аварга Дарюс Каспарайтистай хамт бэлтгэл хийсэн байна. 


Дөрвөн үндэстний тэмцээн пүрэв гарагт өндөрлөсөн даруйд бямба гаргаас NHL-ийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд дахин явагдаж эхэллээ. Вашингтон багийн хувьд түр завсарлах хугацаанд тоглолтын хэмнэлээ алдаагүй бөгөөд ойрын үед плейф-оффт шалгарах, улмаар дивизион болон конференцид тэргүүлэх зорилт тавьжээ.  


Энэ улирлын лигийн тэмцээн дөрөвдүгээр сарын 18-нд өндөрлөх бөгөөд “Вашингтон” багийн хувьд 25 тоглолт хийх үлдээд байна. Лигийн хэвлэлийн албаны таамагласнаар, нэг тоглолтод 0,65 гоол оруулж буй Овечкин дөрөвдүгээр сарын 16-нд “Айлендерс” багтай хийх тоглолтын үеэр Гретцкигийн амжилтад хүрэх бололтой. Харин одоо эл үзүүлэлт 0,71 гоол болж нэмэгдсэн тул үүнээс ч өмнө домогт хоккейчны рекордыг давтах  магадлалтай. Тодруулбал, “Вашингтон Кэпиталз” баг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр талбайдаа ”Чикаго Блэкхокс” багийг хүлээн авч тоглох үед Овечкин дээд амжилтыг давтаж эсвэл түүнийг эвдэж магадгүй юм.


Вашингтончууд 26-ны өдөр талбайдаа “Калгар Флэймз” багтай тоглоно.

 

Холбоотой мэдээ