Гал зогсоох саналыг Украины тал хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-03-12 09:19:55

ЖИДДА, 2025 оны гуравдугаар сарын 12 /CNN/. Саудын Араб улсад АНУ, Украины албаны хүмүүсийн хооронд болсон хэлэлцээний дараа 30 хоногийн хугацаанд гал зогсоох тухай АНУ-ын дэвшүүлсэн саналыг Украины тал хүлээж авлаа гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт мэдэгдлээ


Гал зогсоох тухай санал нь зөвхөн агаар, далай тэнгис төдийгүй байлдааны фронтыг бүхэлд нь хамарна гэж В.Зеленский найман цаг гаруй үргэлжилсэн АНУ-Украины төлөөлөгчдийн хэлэлцээний дараа мэдэгдсэн байна.


Украин улс энэ саналыг хүлээн авч байна, бид үүнийг нааштайгаар үнэлж байгаа, бид ийм алхам хийхэд бэлэн байна,  мөн адил шийдвэр гаргахыг АНУ-ын зүгээс Оросоос шаардах ёстой, Москва үүнийг зөвшөөрсөн тохиолдолд гал зогсоно" гэж В.Зеленский хэллээ.


Жидда хотноо болсон уулзалтын дараа хоёр тал хамтарсан мэдэгдэл хийхдээ, тагнуулын мэдээлэл солилцохыг түр зогсоох шийдвэрийг нэн даруй цуцалж, Украинд цэргийн тусламжийг үргэлжлүүлэн үзүүлнэ гэж мэдэгджээ. АНУ-аас Украинд үзүүлэх энэ тусламж сэргэсэн болохыг Украины албаны хүн мягмар гарагт баталсан байна.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уулзалтын дараа хэлэхдээ, дайныг зогсоох алхмуудыг хийх үүрэг хариуцлага одоо Орост ногдож байгааг онцлон тэмдэглээд “тэд энх тайвны төлөө байгаа гэдэгт бид найдаж байна. Бөмбөг одоо тэдний талбайд байна” гэлээ.


Гал зогсоохыг зөвшөөрсөн тухай мэдээг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сайшаагаад, энэ долоо хоногт холбогдох төлөвлөгөөний талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй ярилцана гэдгээ мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ