Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн түймэр гарсан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-03-12 12:17:02

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн түймэр гарсан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд өнөөдөр ажиллаж байна.

 

Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан түймрийн улмаас нийт 30.800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар таван айлын 7 гэр, 5 саравч, 4 хашаа, 1 өрхийн 300 гаруй толгой мал үрэгджээ. Түймэрт өртсөн айл өрхүүдэд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий 400 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлснийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүлээлгэн өгөв.

 

Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Баян-Овоо суманд гарсан түймрийг Онцгой байдлын алба хаагчид, нутгийн иргэдийн хамт бүрэн унтраасан аж. Одоогоор түймэрт өртсөн талбай, айл өрхүүдийн болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагынхан ажиллаж буй. Мөн гал түймэрт өртсөн иргэдэд СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ынхан зөвлөгөө өгч ажиллав.



Холбоотой мэдээ