ӨВӨРХАНГАЙ: Хавдраар өвчлөгсдийн тоо улсын дунджаас өндөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн БОЭТ-өөс “Хавдрын эсрэг хамтдаа” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулж, хорт хавдраар өвдсөн, даван туулсан иргэдийнхээ санал хүсэлтийг сонсон мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Аймгийн хэмжээнд хавдрын өвчлөл бүхий 1212 иргэн эмчийн хяналтад байна. 2024 онд шинээр 211 тохиолдол шинээр бүртгэгдэж, улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байгаа юм. Нас баралт 2023 онд 155, 2024 онд 137 байгаагийн 85 хувийг элэг, 22 хувийг ходоодны хавдар эзэлж байна.
Аймгийн БОЭТ нь төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Үндэсний багтай хамтран ажиллаж, орон нутагт хийдэггүй хавдрын мэс заслуудыг нэвтрүүлэн иргэдийн нийслэлийг зорих урсгалыг багасгаж байгаа юм. Тухайлбал, хавдартай элэг тайрах, судас бөглөх, ходоодны салст хуулах, полиб авах, хими бай эмчилгээ зэргийг аймагтаа хийж эхэлжээ.
Хүзүү, толгойн хавдрын мэс заслаар Монгол Улсын хүний гавьяат эмч, хавдар судлалын клиникийн профессор Г.Пүрэвдорж, эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр АУ-ны доктор, клиникийн профессор Ч.Мөнхбаяр, элэг, цөс, нойр булчирхайн хавдраар ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах төвийн захирал, АУ-ны магистр Г.Үнэнбат, дүрс оношилгооны чиглэлээр АУ-ны магистр Г.Мандахбаяр, Дүрс оношилгоо, компьютер томографийн ахлах зэрэгтэй эмч Б.Урантогос зэрэг нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлж байна.
Мөн аймагтаа Э.Хүдэрчулуун эмчийг элэгний хавдраар мэргэшүүлж, элэг тайрах долоон удаагийн мэс заслыг амжилттай хийжээ. Ангиографи, судас бөглөх эмчилгээгээр Д.Мөнхнасан эмчийг мэргэшүүлж, 2024 онд 400 гаруй хүнд тусламж үйлчилгээг хүргэсэн бол дурангийн мэс заслыг 450 гаруй хүнд хийсэн байна.
Д.Батболд эмч 37 хүнд толгой, хүзүүний мэс засал хийсний 15 хувийг Бамбай булчирхайн хортой, хоргүй хавдар эзэлж байна.
Түүнчлэн хөх, булчирхайн хавдрын чиглэлээр эмч, сувилагдчыг мэргэшүүлж байгаа ба Эрүүл мэндийн яамнаас эмч нарыг орон нутагт нь сургах бодлого баримталж, Зөвлөх эмчийн баг ирж ажиллаж байгаа нь ихээхэн үр дүнтэй байгааг БОЭТ-ийн захирал Д.Дашжанцан хэллээ.
“Хавдрын эсрэг хамтдаа” зөвлөлдөх уулзалтад Хавдар судлалын үндэсний төвийн их эмч Г.Үнэнбат, хими эмчилгээний их эмч Э.Сайханцэцэг болон БОЭТ-ийн хавдар судлалын их эмч нар оролцож, “Хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал”, “Хавдартай иргэдийн тулгамдсан асуудал” сэдвээр ярилцсан юм. ХСҮТ-ийн хими эмчилгээний их эмч Э.Сайханцэцэгийг хоёр удаа урьж аймагт ажиллуулснаар 35 иргэний бай эмчилгээг орон нутагтаа шилжүүлэн авсан. Эдгээр ажлын үр дүнд Улаанбаатарыг зорих иргэдийн тоо харьцангуй буурч байгааг зөвлөгөөний үеэр онцолж байв.