Б.Жавхлан: Макро эдийн засаг тогтвортой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр, “Макро эдийн засаг тогтвортой байна. Өнгөрсөн онд эдийн засаг 4.9 хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 80 их наядад хүрсэн. Энэ оны нэгдүгээр сард инфляц 9.6 хувьд хүрлээ. Гадаад валютын улсын нөөц тогтвортой байна. Голлох түүхий эдийн экспортын биет хэмжээ өсөлттэй байна” гэж танилцуулав.
Нэгдсэн төсвийн орлого эхний хоёр сарын байдлаар 4.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.2 их наяд төгрөг буюу 22.8 хувиар буурч, эхний хоёр сарын төлөвлөгөөтэй харьцуулахад 95 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Төсвийн орлого эхний хоёр сарын байдлаар 4.1 их наяд төгрөгт буюу нийт төсвийн 11 хувийг бүрдүүлээд байна. Өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн дунджаар эхний хоёр сарын байдлаар нийт орлогын 12-14 орчим хувийг бүрдүүлдэг байна. Нүүрсний дундаж үнэ эхний хоёр сарын байдлаар тонн тутамд 78.5 ам.доллар болж, өмнөх оны мөн үе болох 123.4 ам.доллартой харьцуулахад 44.9 ам.доллароор буюу 36 хувиар буурсан нь төсвийн орлого буурахад голлон нөлөөлжээ.
Үүнтэй холбогдуулан Макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хяналт тавих, тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулжээ. Ажлын хэсгийг Сангийн сайд ахлах аж.