Сүхбаатарынхан Дарьганга уртын дуугаа сурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний биет бус өв соёлоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, мартагдаж буй Дарьганга уртын дууг сэргээх зорилго бүхий сургалтаар дамжуулан сурч байна.
Төрөөс соёлын талаар баримталж байгаа бодлого, бүх нийтийн соёлын боловсролыг дэмжих ажлын хүрээнд Сүхбаатар аймаг “Дарьганга уртын дуу”,
“Дарьганга марзай”, “Монгол ухааны эрхин хэлхээ” зэрэг боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг. Энэ удаад Дарьганга уртын дууны анхан шатны сургалтаар таван төрлийн уртын дууг заажээ.
Сургалтыг аймгийн ЗДТГ, Жаахан шарга театр, СУАЖГ хамтран зохион байгуулсан
бөгөөд сургагч багшаар Дорнод аймгийн СУАЖГ-ын хэлтсийн дарга Л.Идэрбат, Жаахан шарга театрын
уртын дуучин О.Бүрэндэлгэр нар ажиллажээ.
Дөрөв хоног үргэлжилсэн сургалтад ЕБС-ийн сурагчид, сумдын соёлын төвийн ажилтнууд, ардын авъяастнууд зэрэг 180 гаруй хүн хамрагджээ.
Тэд ингээд суралцаад орхихгүй. Үргэлжлүүлэн сурч, бусдад сургах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах үйл ажиллагааг тогтсон нэг удирдлага дор явуулна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын захирамжаар уртын дууны “Магнай түргэн” чуулгыг ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг түшиглэн байгууллаа. Нөгөө талаар ирэх тавдугаар сард болох МУАЖ Ш.Чимэгцэеэгийн нэрэмжит Дарьганга уртын дууны олон улсын наадам мөн Дарьгангын хошууны сумдын түүхт ойг угтсан том ажил гэж ойлгож болно гэж Сүхбаатар аймгийн СУАЖЗГ-ын дарга Б.Золхүү хэллээ.
Онгон сумын ардын авъяастан Х.Энхбаяр хэлэхдээ, энэхүү сургалтад хамрагдсандаа маш их баяртай байна. Богино хугацаа хэдий ч их зүйлийг сурлаа. Өмнө нь уртын дуу дуулж байгаагүй ч монголын ардын урлаг тэр дундаа уртын дуугаараа бахархсан өдрүүдийг өнгөрөөлөө. Тиймээс цаашид илүү сайн сурах хүсэл сонирхол их байна гэв.
Уртын дууны анхны шатны сургалтад бүрэн хамрагдсан, цаашлаад Магнай түргэн чуулгын гишүүн болсныг батлах гэрчилгээг сургалтад хамрагдсан бүх хүнд зохион байгуулагчдаас гардууллаа.