М.Карни Канадын Ерөнхий сайдаар томилогдлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ОТТАВА, 2025 оны гуравдугаар сарын 15 /ВВС/. Канадын Ерөнхий сайдын үүрэгт ажлыг албан ёсоор гүйцэтгэж эхэлсэн Марк Карни мэдэгдэхдээ “манай улс хэзээ ч, ямар ч хэлбэрээр АНУ-ын бүрэлдэхүүнд орохгүй” гэлээ.
Өчигдөр буюу баасан гарагт
М.Карни болон түүний удирдсан засгийн газрын танхимын гишүүд англи, франц хэлээр тангараг
өргөснөөр албан тушаалдаа оржээ. Үүнтэй холбогдуулан Канадын төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэдэг
Их Британийн хаан Чарльз III шинэ ерөнхий сайдад баяр хүргэсэн байна.
Өмнө нь Канад ба Их Британийн Төв
банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан М.Карни эрх баригч Либерал намын даргын
сонгуульд илт давуу ялснаар Ерөнхий сайдаар сонгогдсон юм. Албан тушаалдаа
орсон даруйдаа тэрбээр парламентын ээлжит бус сонгуулийн товыг зарлана гэж ажиглагчид
таамаглаж байсан боловч энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийсэнгүй. Хуулиар бол тус
улсад парламентын ээлжит бус сонгуулийг 10 дугаар сарын 20-ноос өмнө явуулах
ёстой, гэхдээ Канадын улс төрийн тогтолцоо нь Их Британыхтай төстэй учир дээрх
хугацаанаас өмнө явуулах эрх Ерөнхий сайдад бий.
Эрх баригч Либерал намыг 2013
оноос хойш удирдаж, ерөнхий сайдаар ажиллаж байсан Жастин Трюдо энэ оны нэгдүгээр
сарын 6-нд огцорсон бөгөөд баасан гарагт үүрэгт ажлаасаа бүрмөсөн
чөлөөлөгджээ.
Шинэ Ерөнхий сайд М.Карни даваа
гарагт намын даргын сонгуульд ялсныхаа дараа хэлэхдээ, Трампын сүрдүүлгийг
ноцтой асуудал хэмээн хүлээн авч байгаагаа тайлбарласан байна.
Канадын өмнөх ерөнхий сайдууд сонгогдсон
даруйдаа хамгийн түрүүнд АНУ-д айлчилдаг байсан бол Канадад төрсөн ВВС-гийн
сурвалжлагч Лиз Дюсеттийн эх сурвалжуудын ярьснаар, М.Карни ирэх даваа гарагт
Парис, Лондонд айлчлах бололтой.
Албан тушаалдаа орсон даруйдаа
хийсэн хэвлэлийн хурлын үеэр тэрбээр хэлэхдээ “бид хэзээ ч, ямар ч
хэлбэрээр АНУ-ын бүрэлдэхүүн хэсэг болохгүй, Канад бол огт өөр улс орон”
гэж мэдэгдээд, АНУ болон Трампын зүгээс тус улсад хүндэтгэлтэй хандахыг
уриалсан байна.