БАЯНХОНГОР: Богд сумын нутагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд сумын нутагт энэ сарын 18-ны 20:17:12-д 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэнийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар зүйн байршил (өргөрөг, уртраг) : 45.02 100.35 бөгөөд газар хөдлөлтийн төвөөс ойр орших сумд нь Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс хойд зүгт 32 км, Богд сумын төвөөс баруун урд зүгт 39 км, Жинст сумын төвөөс баруун урд зүгт 47 км юм.
Богд сумын Алтай 3 дугаар багийн Хүрэн шавхын нуруу гэдэг газар нь Улаанбаатар хотоос 770 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км-т оршдог. Тус аймгийн Богд багийн Засаг даргын орлогчоос тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлэв.

Ташрамд, Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг бол магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол юм.
Газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг бөгөөд газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг байна.