Автобустай холбоотой 11 гомдол ЗЦГ-т иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-27 15:47:54

Нийтийн тээврийн том оврын автобустай холбоотой 11 гомдол ЗЦГ-т иржээ. Үүнээс зам тээврийн осолд холбогдон, автомашинтай шүргэлцсэн 5, хий хөлдсөн 3, хийгүй, шатахуунгүй болоод унтарсан 2, тосолгоо тургисан 1 зөрчил тус тус бүртгэгджээ.

 Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, зам тээврийн осол гаргаж буй зэргээс шалтгаалан замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан, зохиомол түгжрэл саатлыг үүсгэж, иргэдийг ихээхэн бухимдуулсаар байгаа. Иймд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд үйлчилгээнд явуулж буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж замын хөдөлгөөнд оролцуулах, тогтмол хяналт тавих, техникийн саатлаар зогссон нөхцөлд түргэн шуурхай эвдрэл, гэмтлийг засах, зам чөлөөлөх арга хэмжээ авч байх, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байна.Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дугаарт  “Стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, тогтоосон журмын дагуу улсын үзлэг тооллогод ороогүй, улсын дугааргүй, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй" гэж заасан байдаг. Тиймээс ЗЦГ энэ дагуу гомдлыг хүлээн авдаг болсон юм. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ