СЭЛЭНГЭ: Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-21 13:14:32

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч байна.

 

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх “Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах, лавлагаа шатлалын эмнэлэгт хийгдэж буй эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагтаа нутагшуулах" зорилго, агуулгын хүрээнд 3 чиглэл бүхий 21 ажил, арга хэмжээг бодлого болгон боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

 

Дээрх ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан ажлын баг Эрүүл мэндийн яам болон төрөлжсөн лавлагаа шатлалын эмнэлгүүдээр орж, хэрхэн хамтарч ажиллах талаар энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаад иржээ.

 

Тодруулбал, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль зэрэг найман газраар орж, удирдлага, холбогдох албан тушаалтан, эмч нартай уулзсан байна.

 

Уулзалтын хүрээнд орон нутагт тэр дундаа эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудал, хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлж үр дүнд хүргэх талаар санал солилцжээ.

 

Уулзалтын үр дүнгээр өмнө нь орон нутагт хийгдэж байгаагүй эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд хэрхэн ойртуулах, тусламж үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлснээр Улаанбаатар дахь лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал, чирэгдэл хэрхэн буурах.

 

Мөн иргэд харьяаллын дагуу орон нутагтаа шаардлагатай бөгөөд чанартай тусламж үйлчилгээг хэрхэн цаг алдалгүй авдаг болох зэрэг лавлагаа шатлалын эмнэлэгт үүсэх ачааллыг бууруулж, хөдөлгөөний урсгалыг багасах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх сайн талтай гэж үзэж байна.

 

Холбоотой мэдээ