ОРХОН: “Урин хавар 2025” яруу найргийн наадамд Н.Мөнхбаяр "Зүүд" шүлгээрээ тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан “Урин хавар 2025” яруу найргийн наадам зохион байгууллаа.
Энэхүү өдрийг тохиолдуулан Орхон аймгийн ЗДТГ, Соёл урлаг аялал жуулчлал, залуучуудын газар, Нийтийн номын сан, “Баян-Өндөр хүүхэд залуучуудын соёлын төвөөс хамтран БНМАУ-ын Маршал Г.Дэмидийн нэрэмжит Байлдааны гавьяаны улаан тугийн болон “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 186-р ангийн офицер, байлдагчидтай уншигч, зохиолчдын уулзалт зохион байгуулж, Залуучуудын ордонд “Урин хавар-2025” яруу найргийн наадмыг мөн зохион байгуулсан юм.
Өмнөх жилүүдэд Нийтийн номын сан, Баян-Өндөр сумын Хүүхэд залуучуудын соёлын төв “Гэгээн намар” уран зохиолын уншлагыг зохион байгуулж ирсэн. Харин 2025 онд Орхон аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дэмжлэгтэйгээр “Урин хавар 2025” яруу найргийн наадам болгон өргөжүүлсэн юм. Энэхүү яруу найргийн наадамд 20 гаруй зохиолч бүтээлээ ирүүлснээс шүүгчдийн бүрэлдэхүүн эхний шалгаруулалтаар 18 яруу найрагчийг сонгон оролцуулсан юм. Найрагчид тайзнаа 3 үе шаттайгаар шүлгээ уншиж шилдгүүдээ тодрууллаа.
Яруу найргийн наадмын шүүгчдээр МЗЭ-ийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Болдсайхан, “Гүн утга” уран бүтээлийн нэгдлийн тэргүүн шилдэг бүтээлийн “Алтан өд” болон “Болор цом” наадмын дэд байрын шагналт яруу найрагч, орчуулагч Х.Нямхишиг, МЗЭ-ийн шагналт, “Болор цом” наадмын тусгай байрын шагналт яруу найрагч Дү.Отгонбаяр нар ажилласан юм.
Наадам өрсөлдөөнтэй болж “Урин хавар-2025” яруу найргийн наадмын тэргүүн шүлэгчээр МЗЭ-ийн гишүүн, шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналт, “Гүн утга” уран бүтээлийн нэгдлийн гишүүн Намжилын Мөнхбаяр "Зүүд" шүлгээрээ тэргүүллээ. Харин дэд байрт МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Нэргүйн Болормаа, гутгаар байрт “Гүн утга” уран бүтээлийн нэгдлийн гишүүн залуу яруу найрагч Жаргалсайханы Хатансайхан, тусгай байрт “Гүн утга” уран бүтээлийн нэгдлийн гишүүн Гантөмөрийн Хашбаатар нар тус тус шалгарлаа.
Энэхүү наадмын онцлог олон зүйлс байсны нэг нь утга зохиолын ертөнцөд хүч түрэн орж ирж буй шинэ яруу найрагчид байлаа. Тухайлбал; 4-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Д.Мөнхнаран, Баян-Өндөр сумын Ахлах нягтлан бодогч А.Адъяадолжин, “Даниста” худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхлэгч Н.Дашдулам болон залуу яруу найрагч 20-р сургуулийн 10б ангийн сурагч Н.Даваасүрэн, 14-р сургуулийн 12а ангийн сурагч н.Дөлгөөн, 4-р сургуулийн 9в ангийн сурагч Ц.Ичинхорлоо, “Уран эгшиг” сургуулийн 11а ангийн сурагч н.Энхрийцэцэг нар байлаа. Залуу идэр яруу найрагчид наадамд амжилттай оролцож, зарим сурагчид 2 дугаар шатны шалгаруулалтад тэнцэж, шүлгээ дахин дуудсан нь үзэгч олон болон Орхон аймгийн зохиолчдын зүгээс өндөр үнэлгээ авсан юм.