ХХАА-н салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-24 14:25:52

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн Р.Батболд, П.Батчимэг, М.Ганхүлэг, М.Мандхай, Б.Найдалаа нар Дархан-Уул аймагт  ажиллав.


Байнгын хорооны гишүүд эхлээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхантай уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй танилцлаа. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, хууль, эрх зүйн орчны шинэчлэл, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо”, “Атрын IV", "Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаар мэдээлэл өгч, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашид эрчимжүүлэх төлөвлөгөө, арга хэмжээний талаар танилцуулав.  

 

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Мандхай 2025 оныг Дэлхийн хоршооллын жил болгон зарласныг онцолж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг загварчлах, эрсдэлийг бууруулах, салбар дундын уялдаа холбоог хангах, эрчимжүүлэх шаардлагатай байгааг дурдлаа. Тэрбээр, “Шинэ хоршоо” хөдөлгөөний суурийг зөв тавьснаар хоршоодоор дамжуулан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийн түүхий эдийн найдвартай эх үүсвэр бий болно гэдгийг тодотгоод, цаашид салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ажлын хэсэг дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг онцлов.

 

Дараа нь Байнгын хорооны гишүүд Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК, Зээлийн батлан даалтын сангийн Дархан-Уул аймаг дахь салбар, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцов гэж УИХ-ын ХМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ