Модон барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Архангайд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-24 15:29:56

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Модон барилдааны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 3 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Архангай аймгийн спортын шинэ ордон АРА АРЕНА-д зохион байгууллаа. 


Бусад аймгаас түүчээлж, Архангай аймагтаа анх удаа зохион байгуулсан энэ тэмцээнд Налайх дүүрэг, Хэнтий, Орхон, Сэлэнгэ, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Булган, Төв, Архангай, Аагий про жим зэрэг 13 аймаг, байгууллагын 200 гаруй өсвөрийн тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.


УАШТ-ээс шалгарсан жин тус бүрийн шигшээ 8 тамирчин 2025 оны дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулах "KHASAR CUP" тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.


Багийн нийлбэр дүнгээр Сэлэнгэ аймгийн Хүдэр хүчтэн холбооны баг тамирчид 150 оноогоор бусдыгаа манлайлж, багийн аваргын цомыг хүртсэн.


50 кг жинд алтан медаль хүртсэн, “Хүдэр хүчтэн” клубын 17 настай тамирчин М.Анударь, “Сэтгэгдэл маш өндөр байна. Юуны өмнө багш нартаа баярлалаа гэж хэлье. Бидний 52 тамирчин Сэлэнгэ аймгийн Зүүн хараагаас ирсэн. Миний хувьд энэ спортоор хичээллээд хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд хоёр багш маань дасгалжуулж, олон зүйлд сургасны үр дүнд өнөөдөр 50 кг-ын жинд алтан медаль хүртлээ. Энэ спортоор хичээллэхэд бие бялдар илүү хөгжинө, тэсвэр тэвчээртэй болно. Хамгийн чухал нь сэтгэлзүй тогтвортой байх нь чухал. Өөрөө хичээгээд тэсрэлттэй, хурдтай байвал ялалт ирнэ дээ” хэмээв.


Архангай аймгийн "Хангайн хүчтэн" холбооноос 32 тамирчин оролцсон ба 2 алт, 8 хүрэл медаль хүртсэн. Хөвгүүдийн 60кг-ын жинд Нэргүйн Дагвадорж шилдэг тамирчнаар шалгарсан юм.


Дөрвөн сарын дараа буюу 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд модон барилдааны өсвөрийн болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн АРА комплейкст болохоор товлогджээ.


Мас-Рестлинг буюу модон барилдаан нь ОХУ-ын Сахагийн ард түмний баялаг өв соёлын салшгүй нэг хэсэг болох бие бялдар, оюун санааны бэлтгэлийн өвөрмөц философи бөгөөд энэ нь хүүхэд залуучуудад хүмүүжил, төлөвшил, бие бялдар, оюун санааны боловсрол олгох ач холбогдолтой халз тулааны спортын төрөл юм.


Өнөөдөр дэмжвэл, маргаашийн аварга эндээс гарна уриатай Архангай аймгийн “Хангайн хүчтэн” холбоо нь авьяаслаг, зоригт залуусыг нээн илрүүлж, дэмжин хөгжүүлж, тэднийг Монгол Улсын төдийгүй олон улсын тавцанд гаргах зорилготой ажиллаж байна.


Модон барилдаан нь уламжлалт бөхийн суурьтай ч биеийн тэнцвэр, барьц алддаггүй овсгоо, тэсвэр тэвчээр шаарддаг онцлогтой спорт юм.  



Холбоотой мэдээ