АРХАНГАЙ: Алтансандал уулын дурсгалыг 1955 онд илрүүлжээ
ФОТО МЭДЭЭ
Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Алтансандал ууланд түүхийн олон үед хамаарах булш оршуулгууд бий. Алтансандал уулын цогцолбор дурсгал нь зэс чулууны үеийн Афанасьевийн соёлд хамаарах булш оршуулгын дурсгал юм.
Өөрөөр хэлбэл, Алтансандал уулын цогцолборт хүрэл зэвсгийн /НТӨ III-I мянга/ үеийн дөрвөлжин булш 8, дугуй болон дөрвөлжин хүрээтэй хиргисүүр гурав, эдгээр булшны цогцолборт босгосон 7 буган хөшөө, Алтансандал уулын баруун өмнө хормойд орших Түрэгийн үеийн /VI-VIII зуун/ 2 хүн чулуун хөшөөний дурсгалаас бүрддэг байна.
Тус дурсгалт газрыг анх археологич Ц.Доржсүрэн 1955 онд баруун аймгуудаар судалгааны ажлаар явах замдаа илрүүлжээ. Буган хөшөөнүүдийн дундаж өндөр 1.5-2.0 м, өргөн 0.4-0.6 м, зузаан 0.2-0.5 м.
Ихэнх хөшөөнд бугуудыг сонгодог аргаар үелүүлэн дүрслэх бөгөөд нэгэн хөшөөний нүүрэн талд хөшөөний орой руу толгойгоор нь хандуулан өндөр хүзүүтэй, урт сүүлтэй, урт нарийхан хөлтэй гурван том адууг хойно хойноос нь цувруулан дүрсэлж нум саадаг, толь, жад цохин гаргаж, буга дүрслээгүй байдгаараа онцлог юм.
Алтансандал нь Хойд Тамирын хөндийд голын зүүн эрэгт орших жижгэвтэр уул юм. Бүлэг дурсгалын баруун хэсэгт онцгойдуу байрласан 4-4.5 м голчтой, жижиг хавтгай хэлбэртэй чулуу шороо холимог дараастай 6 булш байсны гурвыг нь 1971 онд Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедиц малтан судалжээ.
Алтансандал уулын буршнууд нь 1.5 м хүртэл гүнтэй нүхэнд ар нуруугаар нь хэвтүүлэн хөлийг нь өвдгөөр нугалан босгож байрлуулсан байдаг. Нэг булшинд нэг хүний оршуулга байх ба хүнийхээ толгойг баруун болон зүүн тийш нь хандуулсан байна. Хэдийгээр дагалдуулан тавьсан эд өлгийн зүйл үгүй боловч хүнийхээ ясыг улаан өнгийн зосон будгаар элбэг будсан байдаг нь зэс чулууны үеийн Афанасьевийн булшны нэгэн сонгодог шинж болно.
Алтансандал уулын булшнаас гарсан хүмүүс нь антропологийн хэв шинжийн хувьд европжуу, түүний дотор европиод арьстны афанасьев хэв шинжид хамаарна. Судлаачид Алтансандал уулын булш болон түүнтэй төстэй шатар чулууны булшнууд нь Минусын хотгорынхоос илүү Уулын Алтайн дурсгалуудтай адил төстэй, эсвэл Тувагийн дурсгалуудтай илүү ижил гэхчилэн угсаа хамаарлыг нь тайлбарласан байдаг. Энеолитийн үед Баруун Монгол нь Тува, Уулын Алтай, Минусын хотгорыг багтаасан угсаа-соёлын том бүс нутагт багтаж байжээ гэж дүгнэсэн байна. Түүгээр зогсохгүй Афанасьевийн соёл Төв Азиас гарал үүсэлтэй тухай таамаглал бий.
Алтансандал уулын цогцолбор дурсгалыг 2020 оны Монгол Улсын Засгийн газрын 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад байх дурсгалын жагсаалтад оруулсан байна.