ӨВӨРХАНГАЙ: Дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-03-25 21:26:57

Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор таеквондогийн 13 дахь удаагийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Арвайхээр суманд зохион байгууллаа.


Тэмцээнд 44 байгууллагын 570 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж, багийн дүнгээр Tigers таеквондо клуб тэргүүн байр, Таеквондо хөгжлийн төв дэд байр, Торнадо кик клуб гутгаар байрыг эзэлсэн юм.


Мөн “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Алдар спорт хорооны тамирчин Д.Төвшинтөр, “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар Tigers таеквондо клубийн тамирчин Т.Танан-Эрдэнэ, “Шилдэг шүүгч”-ээр Монгол Улсын шүүгч М.Балжинням, “Шилдэг дасгалжуулагч”-аар Tigers таеквондо клубийн дасгалжуулагч А.Нацагдорж нар шалгарлаа.



“Манай улсад таеквондогийн 90 гаруй клуб үйл ажиллагаа явуулж, 12 мянга орчим тамирчин хичээллэдэг. Энэ удаагийн 12-17 насны хамгийн шилдэг тамирчид ирж оролцож байна. Өвөрхангайн тамирчид сүүлийн жилүүдэд эрчимтэй хичээллэж, уралдаан, тэмцээнд амжилттай оролцож байна” хэмээн Монголын Таеквондогийн холбооны гүйцэтгэх захирал, гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар ярилаа.



Улсын аварга шалгаруулах тэмцээнд Өвөрхангай аймгаас П.Ээбум дасгалжуулагчтай 13 тамирчин оролцож, 12-14 насны эмэгтэй ангилалд Э.Анар алтан медаль хүртэн 5 дугаар сард АНЭУ-ын Фужира хотод болох өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан бол эрэгтэйчүүдийн -78 кг жинд өрсөлдсөн Б.Билэгт-Очир 7 дугаар сард Малайз улсад болох залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авлаа. 




Холбоотой мэдээ