Сурагчдын бие даалтын долоо хоног эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын долоо хоног нийслэлд өнөөдрөөс эхэллээ.
Энэхүү долоо хоног дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд танхимаар хичээллэхгүй. Бие даалтын долоо хоногоор музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт үйл ажиллагааг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах юм. Бага ангийнхныг сургуулийн зорилго, зорилт сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоонд тулгуурлан сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар нээлттэй зохион байгуулахыг БЕГ-аас зөвлөжээ. Ингэхдээ хувь хүний хөгжил, төлөвшил, бие даах, бүтээлчээр сэтгэх, соёр урлаг, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах зэрэг чиглэлээр бие даалтын долоо хоногийг өнгөрүүлэх боломжтой.
Тэгвэл дунд ангийнхныг энэхүү долоо хоногийг ашиглан бусдыг хүндэтгэх, эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээ, хамтран ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор номын сантай танилцаж, музей үзэх, уламжлалаа судлах, урлаг, спортын үйл ажиллагаанд хамрагдах, байгаль орчноо хамгаалах зорилтот ажил зохион байгуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зэрэгт хамруулах аж.
Харин ахлах ангийнхныг энэхүү долоо хоногоор байгаль орчноо хамгаалах зорилтот ажилд хамруулж, гамшгийн эрсдэлийн сургалт зохион байгуулах, сайн дурын ажилд оролцох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зэрэгт хамруулахыг Боловсролын ерөнхий газраас зөвлөв.
Жич: Сурагчдын амралт ирэх сарын 7-нд эхэлж, 14-ний даваа гарагт хичээл орно.