ДОРНОГОВЬ: Тулгуур багана унаснаар Замын-Үүд сум цахилгаанаар хязгаарлагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-01 09:30:17

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн зүүн өмнөд бүсийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд буюу Хангинуурын Давааны урд хэсэг Төхөмийн хөндийн ойролцоох борооны усанд үүссэн нууранд өчигдөр унаж тус сум эрчим хүчээр 100 хувь тасалдаад байна.


Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс, Замын-Үүд сумын Онцгой комисс болон "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-тай цахим хурал хийж сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулах, цахилгаан хангамжийг аль болох богино хугацаанд хэвийн болгох чиглэл өгчээ.


Мөн цахилгааны шугамыг бүрэн засвар хийж дуустал өндөр хүчин чадалтай бусад цахилгааны нөөц үүсгэврүүдийг судалж авах, аймгийн төвд байгаа хоёр дизель үүсгэврийг цаг алдалгүй явуулах, бусад шаардлагатай тусламж дэмжлэгүүдийг шуурхай үзүүлэх шийдвэр гаргажээ.


Замын-Үүд сум Сайншандаас 220 км-ийн урттай 110 кВ-ын агаарын шугамаар тэжээгддэг. Одоогоор Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтын нөөц эх үүсвэрүүдийг ажиллуулж боомтын үйл ажиллагааг хэвийн болгосон бол нэгдүгээр зэргийн хэрэглэгчид болох эмнэлэг, хилийн анги нэгтгэлүүд зэрэг байгууллага өөрсдийн ослын үед хэрэглэх нөөц үүсгүүрүүдээ ажиллуулж байгаа юм.


Техникийн нөхцөл байдлаас шалтгаалан унасан тулгуурыг сэргээн босгох боломжгүй тул шинэ трасс гаргаж 26 ширхэг тулгуур угсарч байгаа бөгөөд 21 тулгуур угсарч, дамжуулагч татах ажлыг эхэлсэн байна. Одоогоор Замын-Үүд сум цахилгаангүй байгаа юм. 

Холбоотой мэдээ