М.Рубио: Өмнөд Суданы иргэдийн визийг хүчингүй болгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 6 /AFP/. Өмнөд Суданы паспорт эзэмшигчдийн бүх визийг хүчингүй болгоно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бямба гарагт мэдэгджээ. Мөн тус улсын иргэдийг АНУ-д нэвтрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд цаашид виз олгохыг хязгаарлах арга хэмжээ авахаар болжээ.
М.Рубио ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг Өмнөд Суданы
шилжилтийн засгийн газар нутаг буцсан иргэдээ цаг тухайд нь хүлээж аваагүйтэй
холбоотой гэж олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдсэн байна. “Өмнөд
Суданы шилжилтийн засгийн газар нутаг буцсан иргэдээ цаг тухайд нь хүлээж
аваагүйн улмаас би Өмнөд Суданы паспорт эзэмшигчдийн бүх визийг хүчингүй
болгож, АНУ-д нэвтрэхээс сэргийлэхийн тулд цаашид виз олголтыг хязгаарлах арга
хэмжээ авч байна” гэж тэрбээр бичжээ.
Гэхдээ Өмнөд Суданы тал бидэнтэй бүрэн дүүрэн хамтран
ажиллах үед Вашингтоны засаг захиргаа эдгээр шийдвэрийг эргэн харахад бэлэн байх
болно гэж М.Рубио мэдэгдсэн байна. Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр цагаачлалын
асуудалд гол анхаарлаа хандуулахаа мэдэгдэж байсан Дональд Трамп нэгдүгээр
сарын 20-нд Цагаан ордонд эргэн ирснээс хойш тодорхой улсын бүх паспорт
эзэмшигчдэд холбогдох шийдвэрийг гаргасан анхны тохиолдол энэ болжээ.