ӨВӨРХАНГАЙ: Люксембургийн Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнтэй танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-07 17:02:24

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн албаны хүмүүс Өвөрхангай аймагт ажиллалаа.


Люксембургийн Их Вант Улсын Гадаад ба Европын хэрэг, Батлан хамгаалах, хөгжлийн хамтын ажиллагаа, Гадаад худалдааны яамны Олон талт хамтын ажиллагаа хариуцсан захирал Томас Барбансей, Гадаад ба Европын хэргийн яамны Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Мари Прүм, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн төлөөлөгчид ажлын бүрэлдэхүүнд багтаж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийсэн юм.



Энэ үеэр Өвөрхангай аймагт хэрэгжүүлсэн төслүүдийн явц, үр дүнтэй танилцаж, эх, нярайн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо.


Мөн аймгийн БОЭТ-өөр орж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн ба Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн эрүүл мэндийн боловсролын кабинетын үйл ажиллагаатай танилцаж, багш, сурагчидтай уулзалт хийлээ.



Сурагчид ухаалаг самбар ашиглан эрүүл мэндийн боловсрол, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэгээ сайжруулж байгаагаа танилцуулав.


Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр Өвөрхангай аймагт Зүрх судасны дэд төв, телемедицины сүлжээ, Нярайн скрининг, Хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх, түүнийг бууруулах төсөл”-ийг 2022-2027 онд, Эх, нярайн телемедицин, зайн оношлошогоны төслийг 2007,  2019 онд, “Сэргийлж болох эхийн болон перинаталь эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх төсөл"-ийг 2022-2027 онд тус тус хэрэгжүүлж байна. 



Үүний үр дүнд аймгийн БОЭТ болон сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар дээшилж, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэн гуравдугаар шатлалын эмнэлэг рүү илгээр өвчтний тоог бууруулан ажиллаж байгаа юм.


Тухайлбал, аймгийн БОЭТ-д ангиографийн аппаратыг суурилуулж, 298 хүнд судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийгээд байна. 2024 онд Үндэсний багтай хамтран “Snuff box” хүрцээр судсан дотуурх эмчилгээ, оношилгоог хийсэн нь Монгол Улсад анхны тохиолдол болсон ба тархины артери, венийн цүлхэнтэй цоргыг судсан дотроос цавуугаар бөглөх үечилсэн мэс засал, тархины цочмог цус харвалтын үед судасны агчил тавиулах эмчилгээг шинээр нэвтрүүлжээ.



Мөн алсын зайн анагаах ухааны үндэсний сүлжээг бий болгож, улсын хэмжээнд цор ганц online платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна. 


Төслийн хүрээнд нярайн скринингийн төвийг байгуулж, нярайн төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх Pax-i3D Smart СВСТ аппаратыг суурилуулснаар төрөлхийн болон удамшлын эмгэгийг эрт үед нь оношлох, эмчлэх боломж бүрджээ.



Холбоотой мэдээ