Азийн загвар байгууллагыг төлөвшүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-08 17:58:54

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Монголын Бүтээмжийн төв хамтран төрийн байгууллагын үйл ажиллагааны чанар, бүтээмжийг системтэй дээшлүүлэх, улмаар олон улсын түвшинд жишиг, загвар байгууллагыг бий болгох төслийн бэлтгэл хангаж байна.


Нийгмийн даатгалын Ерөнхий газраас төслийг хэрэгжүүлснээр төрийн албаны бүтээмж, үйлчилгээний чанар сайжрахаас гадна туршлагаа түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэх юм. Төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Монголын Бүтээмжийн төвийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр “Төрийн байгууллагын төгөлдөршил, загвар байгууллагын төсөл”-д хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ.


НДЕГ-ын дарга Б.Батжаргал “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 2 жилийн өмнө процессын дахин инженерчлэлийг манай салбарт хийсэн. Нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагыг нэгтгэж, үр ашиггүй орон тоог цөөлөх, ил тод байлгах, шат дамжлага, хүнд суртлыг багасгах зарчмыг баримталж байгаа. Үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохыг зорьж байна” хэмээснийг НДЕГ мэдээлэв. 



Холбоотой мэдээ