Энэтхэгийн дипломатчийг Пакистанаас хөөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРИСЛАМАБАД. /Anadolu/. Цэргийн нууц мэдээллийг хууль бусаар цуглуулсан гэх үндэслэлээр Пакистаны нэгэн дипломатчийг Энэтхэгийн Засгийн газар улс орноосоо хөөсний дараа Энэтхэгийн нэгэн дипломатчийг Пакистаны Засгийн газар улс орноосоо хөөжээ.
Пакистаны ГХЯ өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэхдээ “Гадаад хэргийн сайд энэ шийдвэрийг Энэтхэгийн талд уламжилсан” гэв.
Тус яамны мэдэгдэлд дурдсанаар, Энэтхэгийн дипломатч Суржеет Сингх нь Венийн конвенци болон дипломат ёс зүйг зөрчжээ.
Өнгөрсөн сард Пакистаны босогчид байж болох зэвсэгт этгээдүүд Кашмирын маргаантай бүс дэх Энэтхэгийн армийн бааз руу халдаж, олон цэргийн аминд хүрсэн юм. Үүний хариуд Энэтхэгийн цэргүүд Пакистаны хяналтад байдаг Кашмирын бүс дэх хэт давруу үзэлтнүүдэд цохилт өгсөн билээ.
Үүнээс хойш Кашмирын хилийн бүсэд тус хоёр улсын цэргүүдийн хооронд үе үе мөргөлдөөн болсоор байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Пакистаны хяналтад байдаг бүсээс их буугаар галласны дараа Энэтхэгийн цэргүүд хариу цохилт өгчээ. Энэ үеэр Энэтхэгийн нэг цэрэг амь үрэгдэж, зургаан энгийн иргэн шархадсан байна.
Г.Доржханд