А.Овечкинд алтан цохиур бэлэглэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр
сарын 11. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон
Кэпиталз” клубийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Брайан Маклеллан тус лигийн
тэмцээнүүдэд хамгийн олон гоол оруулж, дээд амжилт тогтоосон Оросын довтлогч Александр
Овечкинд алтан цохиур бэлэглэлээ.
Цохиур бэлэглэх ёслол “Вашингтон” багийн мөсөн талбайд "Каролина Харрикейнз" багтай хийсэн тоглолтын /5:4/ өмнө болжээ.
Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр “Вашингтон”
баг “Нью-Йорк Айлендерс”-тай талбайд нь тоглох үеэр А.Овечкин 895 дахь гоолоо
оруулснаар Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн тогтоосон дээд амжилтыг
эвдсэн билээ.
Алтан цохиур гардуулах ёслолд Овечкины
хүүхдүүд, түүний ээж болох сагсан бөмбөгийн Олимпын аварга Татьяна Овечкина,
эхнэр, хадам эцэг нь оролцжээ.
Мөн алтан цохиурын жижиг
хувилбаруудыг Овечкины хүү Сергей, Илья нарт бэлэглэсэн байна. Мөн “Вашингтон
Кэпиталз” багийн эзэн Тед Леонсис Овечкины ээж, эхнэрт цаг бэлэглэсэн бол Овечкинд
түүний дүрс бүхий шайбыг гардуулсан байна.
Ёслол эхлэхийн өмнө дэлгэцэн дээр
Овечкин дээд амжилт эвдэж шайб оруулж буй мөч, түүний багийн нөхөд болон Гретцки
сэтгэгдлээ ярьж буйг харуулсан богино бичлэгийг үзүүлжээ.