СҮХБААТАР: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлт, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг удирдах ажилтны зөвлөгөөн болж байна.
Тус аймагт Нэгдсэн эмнэлэг, Уламжлалтын эмнэлэг, 12 суманд ЭМТ, хэвтэн эмчлүүлэх ортой хувийн хэвшийн гурван эмнэлэг мөн шүдний гурав, нүдний нэг, эмэгтэйчүүдийн хоёр эмнэлэг ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа эдгээр төрийн болон хувийн хэвлийн байгууллагуудын дарга, удирдлагууд тус зөвлөгөөнд оролцож байна.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын өмнө халдварт ба халдварт бус өвчний өсөлт, цар тахлын үед авах хариу арга хэмжээ, түүний дараах нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, гамшигт үзэгдлүүд, нийгмийн сэтгэл зүй зэрэг маш олон сорилт тулгарч байна. Мөн хүний нөөцийн хомсдол бол нэн тэргүүнд тулгарч буй бэрхшээл болоод байгаа. Үүнийгээ дагаад эрүүл мэндийн салбарын бодлого илүү уян хатан, ажилтан албан хаагчид маань хариуцлага, хандлагаа илүү дээшлүүлэх шаардлага бий болж байна. Тиймээс ээлжит зөвлөгөөнөөрөө эдгээр асуудлаа шийдвэрлэх талаар хэлэлцэж, хамтдаа урагшлах, хөгжих боломжийг бүрдүүлэхийг зорьж байна гэж аймгийн ЭМГ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга П.Болормаа ярилаа.
Улс даяар эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэлийг нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэх гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл иргэд өвдсөн хойноо биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлдэг, эрүүл байх дадал зуршлыг төлөвшүүлсэн хувь хүн, иргэнийг бэлтгэхэд анхаарч, үүнд үйл ажиллагаагаа чиглүүлэх, тодорхойлох, цаашлаад шат шатны байгуудлагууд хамтран
ажиллах замаар үр дүнд хүрэх шаардлагатай гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж мөн дэмжин ажиллахаа илэрхийллээ.