Хоршоологчид үзэсгэлэн гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 он дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдааны үеэр “Түншлэл-Хамтын ажиллагаа” үйл ажиллагаа зохион байгуулж, хоршоологчдын үзэсгэлэн худалдаа гаргалаа.
Үзэсгэлэн худалдаанд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хоршоологчдын брэнд бүтээгдэхүүнийг танилцуулав. Тухайлбал, хангайн бүсийн аймаг бүрээс 10 хоршоо оролцож, бүс нутгийн онцлог болсон, байгальд ээлтэй, бүтээгдэхүүнүүдээ дэлгэсэн байна. Үзэсгэлэнд малын гаралтай бүтээгдэхүүн, уламжлалт хэв шинжийг шингээсэн хувцас үйлдвэрлэл, эрүүл мэндэд тустай амин дэм зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн багтжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн
зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд болж буй аймгийн брэнд бүтээгдэхүүн, хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцсан юм. Энэ үйл ажиллагаа нь хангайн бүсийн аймаг,
сумдын хөгжлийн бодлого төлөвлөлт, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын
хүрээнд бүс нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг
танилцуулах зорилготой юм.
Мөн орон нутгийн бизнес төслийг олон нийтэд танилцуулж, хөрөнгө оруулагчдыг
татах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдолтойг Жижиг дунд үйлдвэрийн газар мэдээлжээ.