ДУНДГОВЬ: Эрэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгож, үзлэгт хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-04-18 16:24:54
altantogos

Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас тус аймгийн Цагдаагийн газартай хамтран эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, мэдээлэл өглөө.


Тус аймгийн Эрүүл мэндийн газраас 2025 оныг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, тэдний эрүүл мэндэд анхаарах, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг ийнхүү зохион байгуулж эхэлжээ.


Үйл ажиллагаанд 76 байгууллагын удирдлага, эрэгтэй ажилчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм.


Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун энэ үеэр хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүдээс харахад эрэгтэйчүүдийн осол гэмтэл, гадны шалтгаант өвчлөлд өртөх эрсдэл, зонхилон тохиолдох өвчлөлийн нас баралт өндөр, эрүүл мэндийн байгууллагад хандаж урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах байдал бага байгаа нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнддээ анхаарах анхаарал сул байгааг харуулж байна. Иймд эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж “Эрүүл Дундговь” хөтөлбөрийн хүрээнд тэднийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах, хамрагдалтыг  нэмэгдүүлэн өвчлөлийг эмчлэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд хүн бүрийн зөв хандлага, идэвх оролцоо чухал” хэмээн онцоллоо.


Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Д.Цэвэлмаа “Гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх” сэдэвт илтгэл мэдээллүүдийг хийж, “Эртэч Монгол” хөтөлбөрийг санаачлагч, лектор Н.Энхбаатар “Эр хүн” лекцээ хүргэж, иргэд ялангуяа эрэгтэйчүүд амьдралын буруу хэв маяг болох хорт зуршлаас татгалзах, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж биеэ чийрэгжүүлэх, үлгэр жишээ аав байх, зөв эр хүн байх, хүн бүр амьдралын зөв дадал хэвшилтэй байхын зэрэгцээ нийгэм, орчин, бусдадаа эерэг нөлөө үзүүлдэг эрүүл чийрэг иргэн байхыг уриалсан.


Энэ үеэр Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Өлзийт мандал болон Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцогчдыг эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж, элэгний В, С вирусийг тодорхойлон зөвлөгөө өгсөн юм. Эмч нарийн үзлэг өнөөдөр мөн үргэлжилж байна. 





Холбоотой мэдээ