ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-21 12:32:17

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн XX хороонд 340Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина.


Энэ хүрээнд таван га талбайг чөлөөлж байгаа ажээ. Хотын дарга Х.Нямбаатар ярихдаа, “1984 оноос хойш 41 жилийн хугацаанд Улаанбаатар хот нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Үүнээс шалтгаалан хотын барилгажих үйл явц маш удаашралтай байна. Иймээс нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлэхээр тавдугаар сард багтаан ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гаргаж, ТЭЗҮ-ийг дахин шинэчилсэн юм. Шинэ ТЭЗҮ-д уг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан 10 га талбайд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барьж багтахгүй гэдэг дүгнэлт гарсан. Иймээс газар чөлөөлж, 15 га талбайд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ. Тиймээс таван га талбайн газар чөлөөлөлтөд өртсөн 26 иргэн, хуулийн этгээдийг дулаан болон цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх их хотын бүтээн байгуулалтад эх орончоор хандаж, зөвшилцөхийг уриалж байна” гэв.


Газрыг чөлөөлөхөд өртсөн аж ахуйн нэгж, байгууллагуудад Газрын тухай хуульд заасны дагуу нөхөн олговрыг өгөх, эсвэл дүйцүүлж газар олгоно гэдгийг онцолжээ. ТЭЦ-5 станцыг барьснаар Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Толгойт, Баянголын ам, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах аж. Ойролцоогоор 51 мянган айлыг төвийн дулаан хангамжаар хангана. Өөрөөр хэлбэл, иргэдийг найдвартай, тогтвортой цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөл дээшилнэ гэсэн үг.


Үүнээс гадна Улаанбаатар хотын инженер хангамжийн төлөвлөгөөнд “Амгалан” ДЦС-ийг дахин өргөтгөж, хотын зүүн бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр ТЭЦ 4-ийн хотын зүүн бүс рүү түгээх ачаалал буурах ач холбогдолтой юм байна. 





Холбоотой мэдээ