ДОРНОГОВЬ: Гэрэл зурагчид "Говь нутгийн үзэмж" уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн “Дорнын говийн тусгал” гэрэл зургийн холбоо аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газар, аймгийн Музей сургалт судалгааны төвтэй хамтран “Дорнын говийн үзэмж” гэрэл зургийн үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн долоо хоногийн хугацаатай олны хүртээл болгож байна.
Орон даяар нэгэн
хугацаанд уламжлал
болгон зохион байгуулж буй Монголын “Гэрэл зургийн долоо хоног” цогц үйл
ажиллагаа болох “Монголын түүх
гэрэл зурагт” уриан дор өрнүүлж байгаа долоо хоногийн үзэсгэлэнд эхний удаа говь нутгийн байгаль, онцлог харуулсан зургийг дэлгэж байгаа бол удаад нь “Хүмүүний
аж амьдрал” хөрөг, ахуй соёлын сэдэвчилсэн 80 гаруй зургийн үзэсгэлэнг дэглэнэ.
Мөн “Гэрэл зураг ба аялал жуулчлал”, “Гэрэл зураг ба оюуны өмч”, “Гэрэл зургийн урлаг, уран бүтээлийн үнэ цэн” зэрэг сэдвээр уулзалт хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулж буй залуу гэрэл зурагчдын “Улсын анхдугаар уралдаан”-ы шалгаруулалт, шагнал гардуулах ёслол “Гэрэл зургийн долоо хоног”-ийн долоо дахь өдөр болох юм.
Дорноговь аймгийн “Дорнын говийн тусгал” гэрэл
зургийн холбоо 2016 онд байгуулагдсан цагаас хойш нутгийн гэрэл зурагчдын
хамтарсан хоёр үзэсгэлэн, гэрэл зургийн сургалт, фото аялал зэргийг зохион
байгуулжээ. Харин 2025 оны дөрөвдүгээр сараас “Дорнын говийн тусгал” гэрэл
зургийн холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж “Photo week-Dornogobi” үйл ажиллагаагаар ажлаа эхлүүлж
байна.
Энэ жилийн фото өдрүүдээр түүх, байгаль, орчин үеийн сэдэвт гэрэл зургийн уран бүтээлийг олон нийтэд хүргэх, танин мэдүүлэх, үзэсгэлэнт эх орон, түүх, өв соёлоороо бахархах үзэл, хандлагыг нэмэх, гэрэл зургийн хөгжил, нийгмийн үүрэг, нөлөөллийг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулж, үндсэн, тусгай, салбар үзэсгэлэнг нийслэлд, аймгуудын орон нутгийн музей, галерейд тус тус гаргаж байгаа юм.