Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-22 17:44:40

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар дэмжлээ.

 

УИХ-аас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд анх баталсан бөгөөд түүнээс хойш нийт 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, 2006 онд төв талбайд хоноглох, гэр майхан, унаа хөсөг оруулахгүй байх зохицуулалтыг нэмсэн, 2015 онд жагсаал цуглаан зохион байгуулахад зөвшөөрөл олгодог байсныг мэдэгдэл хүргүүлэх, заавал хариу авдаг байх зохицуулалттай болгосон, 2015 онд Зөрчлийн тухай хуулийг баталсантай холбогдуулан өөрчлөлт оруулсан, 2017 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталсантай холбогдуулж гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хориглох хүрээг өргөжүүлсэн агуулгаар өөрчилсөн юм.

 

Улмаар 2014 онд жагсаал цуглааныг албадан тараах үйл ажиллагаанд зөвхөн дотоодын цэргийн нэмэлт хүч хэрэглэхээр заасныг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас дэмжлэг авч болох тухай, 2024 оны нэгдүгээр сарын 12-нд жагсаал цуглааныг зохион байгуулах мэдэгдлийг бичгээр хүргүүлэх, 2024 оны нэгдүгээр сарын 12-нд хориглох байршлыг төрийн тусгай хамгаалалтын байнгын бүс байхаар нэмсэн зэрэг өөрчлөлтийг оруулжээ.

 

Монгол Улсад жагсаал цуглаан зохион байгуулсан тоо баримтыг сүүлийн 8 жилийн байдлаар авч үзвэл, 2014 онд 115, 2015 онд 140, 2016 онд 121, 2017 онд 128, 2018 онд 180, 2019 онд 206, 2020 онд 255, 2021 онд 214, 2022 онд 241, 2023 онд 254, 2024 оны 8 дугаар сарын байдлаар 155 удаагийн жагсаал цуглааныг иргэд, олон нийтийн зүгээс зохион байгуулж, мөн цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу уг үйл ажиллагааг болон оролцогчдын аюулгүй байдал, дэг журмыг хангуулан ажиллажээ.

 

Жагсаал цуглааны тоо өсөхийн хэрээр зохион байгуулах хэлбэр, хүрээ хязгаар нь ч харилцан адилгүй болж байгаа бөгөөд ийнхүү шинээр үүсэж байгаа нөхцөлд нийцсэн зохицуулалт дутагдаж байгаа аж. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр тулгамдаж байгаа асуудлуудад дэвшилтэт зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж дүгнэсэн байна. Шинэчлэн найруулсан хуулийн төсөл 6 бүлэг, 16 зүйлтэй юм.

 

Холбоотой мэдээ