Есөн эрдэнээр бүтээсэн хамгийн том судрыг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-23 15:42:37

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Дэлхийн ном бичигт Монголчуудын оруулсан хувь нэмэр” номын үзэсгэлэнг Дэлхийн номын өдөрт зориулан Монгол Улсын Үндэсний номын санд нээлээ.


Үзэсгэлэнд орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч Д.Нацагдорж, Д.Намдаг, Л.Түдэв зэрэг алдартай зохиолч, эрдэмтдийн ном, зохиол, шүлэг, найраглал, эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийг олон орны хэлээр орчуулсан дээжээс толилуулж байна. Тухайлбал, Д.Нацагдоржийн “Миний нутаг шүлэг”-ийн Польш орчуулга, мөн Наймдугаар Богд Жавзандамбын зохиосон ном бүтээлийн эмхэтгэлийн бар, бичмэл эхийг үзүүлж буйгаараа онцлогтой.


Монгол Улсын Үндэсний номын сангийн Төвөд сан хөмрөгийн номын санч Б.Хүрэлцоож ярихдаа, “Үзэсгэлэнд VIII Богд Жавзандамба хутагтын нандигнан шүтэж байсан есөн эрдэнээр бүтээсэн “Жадамба” судрыг бүрэн эхээр нь тавьсан. Үүний урт нь 90.5 см, өргөн нь 33.4 см, зузаан нь 70 см. Болгомол хар цаасан дээр 145 хуудас бүтээсэн нь есөн эрдэнээр хийсэн хамгийн том судар гэж тооцогддог. Хэмжээнээс нь шалтгаалж, гурав хуваан баринтаглаж хадгалж байгаа судраа Дэлхийн номын баярыг тохиолдуулан дэлгээд байна. Мөн VIII Богд Жавзандамба хутагтын зарлигаар гурван жилийн хугацаанд бүтээсэн зэс бар байгаа. Энэ барыг тухайн цаг үед амьдарч байсан хамгийн уран дархан хүмүүс бүтээсэн түүхтэй” хэмээн тодотгов.

 

“Дэлхийн ном бичигт Монголчуудын оруулсан хувь нэмэр” номын үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.   








Холбоотой мэдээ