“Илүү их уншъя” монголчуудаа…
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2025 оны тавдугаар сарын 17. Нүүдэлчин Монголчуудын номд хандах хандлага дэлхийн улсуудаас тэс өөр. Дээд мэдлэгийн амьд утгыг баринтагласан ном судраа торгоор “өлгийдөн”, есөн эрдэнээр чимэглэн оройн дээддээ залдаг. Номыг амьтай хэмээн үзэж, номын ёсыг оршихуйн дээд дадал мөрд сануулан шүтнэ. Номтой хүнийг бурхан лугаа ойлгон, ном дор Монголчууд мөргөх билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй 37 дахь удаагийн Үндэсний номын баяр “Илүү их уншъя” уриан дор 16-18-нд буюу энэ долоо хоногийн баасан гаргаас ням гарагт Д.Сүхбаатарын талбайд өргөн дэлгэр болж байна.
Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцож байна. Мөн “Либро сувд агентлаг”-аас монгол зохиол бүтээлийг гадаад орны уншигчдад эх хэлээр нь хүргэх, монголын оюуны бүтээлийг экспортлох ажлыг эхлүүлэн орчуулган номын эрх авах, номын редактор, ном зүйн үйлчилгээ, номын маркетинг хэсгээс хэвлэлийн үнэ бодуулах, шинэ хэвлэх номынхоо цаас, материалыг сонгох зэргээр ном бичих хүсэлтэй уншигчдад зориулсан шинэ үйлчилгээг хүргэх байгаа онцлогтой ажээ.
Монгол зохиол бүтээлийг гадаад орны уншигчдад эх хэлээр нь хүргэх, монголын оюуны бүтээлийг экспортлох ажлыг эхлүүлж байгаа нь маш их сонирхол татан Үндэсний номын баярыг 2007 оноос анхлан санаачлагч, “Номын ертөнц” сэтгүүлийн эрхлэгч, ном зүйч, редактор Б.Сувдтай цөөхөн хором ярилцлаа.
-Үндэсний номын баярын мэндийг уламжилъя?
-Баярлалаа. Би Тегераны номын баярт оролцоод өглөө буугаад шууд талбай дээр ирж ажиллаж байна. Ираны Тегеран хот 36 дахь удаагийнхаа номын баярын үйл ажиллагааг зохион байгуулахдаа хэвлэл нийтлэгчдийн нөхөрлөлийн хөтөлбөрийг энэ жилээс эхлэн бий болгосон юм. Энэ хөтөлбөрт уригдаж амжилттай оролцоод ирлээ.
-Аяны богцоо задалж амжаагүй байгаа юм байна даа?
-Одоо задалчихъя. Иранаас мэдээж олзтой ирсэн. Хоёр номоо перс хэлээр хэвлүүлэхээр боллоо. Зохиолчдынхоо бүтээлүүдийг сурталчлан таниулах ажил дээр замын зардал, каталог хийх орчуулахад цаг зав, маш их хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл гарч байгаа нь тодорхой. Энэ болгонд бид хамтран ажиллах дэмжигч байгууллагуудыг хайсаар байна.
-Энэ жилийн Үндэсний номын баярын онцлог нь юу вэ?
-Жил бүрийн номын баяр өөр өөрийн онцлогтой болдог. Энэ удаагийн 37 дахь номын баяр уран зургийн үзэсгэлэн, цэцэрлэгийн хүүхдүүд болон сурагчдын бүтээлүүдийг олонд дэлгэн үзүүлж байна. Тэгэхээр энэ жилийн онцлог нь шинэ номтой басхүү уран зургийн үзэсгэлэн дэлгэж байгаагаараа шинэлэг гэж харж болно.
Бидний бас нэгэн том зорилго болох “Дэлхийн номын нийслэл”-д нэр дэвшсэнийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс дэмжсэн тухай баяртай мэдээг хуваалцаж байна.
-Монголын оюуны бүтээлийг “экспорт”-лох ажлыг эхлүүлэхэд ямар ажлуудыг хийх вэ?
-Хэвлэн нийтлэгчдийн нөхөрлөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тухайн улс өөрсдийнхөө ном бүтээлийг олон улсын хэвлэн нийтлэгчдэд хүргэх ажлыг маш шуурхай, оновчтойгоор хүргэх шийдэл бий болж байна. Энэхүү шийдлийг бид хэрэгжүүлэхээр өнгөрсөн хоёр жилийн өмнөөс олон улсын утга зохиолын агентлагуудыг урьж авчирч эхэлсэн. Гэсэн хэдий ч энэ үйл ажиллагаан дээр тодорхой хэмжээний төрийн бодлого шийдвэр, хамтын хүчин зүтгэл хэрэгтэй байгаа учраас төр засгийнхандаа уламжилсаар байгаа.
-Цаашдын ажлын төлөвлөгөөг тань сонирхон асууж болох уу?
-Хамгийн чухал ажил биднийг намар хүлээж байна. Хаврын номын баяр дуусаад Куала Лумпурын номын баярт энэ сарын 21-нд явна. Малайз хэлээр хэвлэгдсэн “The story of little nomad” номынхоо нээлтийн баярыг тэнд тэмдэглэх юм. Мөн Сингапурын номын үйл ажиллагаанд 23-24-нд оролцоно. Оролцохдоо Монголын номын баяр болон олон улсын номын баяруудын тухай яриа, таниулга хийнэ. Мөн Бээжинд болох үйл ажиллагаанд Монгол улс оролцохоор яригдаж байна.
-Танд ажлын амжилт хүсье.
*** *** ***
Үндэсний номын баяр 37 удаа зохион байгуулахад нийт 300 мянган оролцогч, 200 хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, 10 улсын төлөөлөл оролцдог төдийгүй нийт зорин ирж буй хүмүүсийн 80 орчим хувь нь 30-аас доош насны залуучууд байна гэсэн судалгаа гарчээ.
Ойрын өдрүүдэд сэрүүхэн байгаа ч номын баяр өргөн дэлгэр, зорин ирж буй уншигчид сэтгэл хангалуун байгаа нь харагдана. Уншигч, олон нийтэд зориулан “Байгаль экологийн чиглэлийн 50 ном”-ыг танилцуулж, “Мэргэн ном” цомын эзнийг тодруулж, “Номын сайн нөхөр”-ийг шалгаруулах ажээ. Мөн оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах, олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах, мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах, номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах, ном бичих зөвлөгөө мэдээлэл авах, номын клубт элсэх, уншлагын зөвлөгөө авах зэрэг үйл ажиллагаа болох юм. Түүнчлэн үндэсний бахархалт амьтан Мазаалайн асруудыг бэлдэж, зохиолчидтой биечлэн уулзах, кофе, цай ууж номын тухай яриа дэлгэн суух тусгай орчин бий болгожээ.
Номын асар бүр өөр өөрийн онцлогтой уншигч олондоо үйлчилж байна. Онцлох нэгэн асрыг дурдваас, Төрийн шагналт зохиолч Р.Чойномын “Өл” сан, “Жиком пресс” хэвлэлийн компанийн асарт нэгэн шинэхэн бүтээл олны анхаарлыг татаж байна. МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Энхтөрийн гурав дахь роман “Гажуу-Улаан Чойном” хэвлэгдээд уншигчдадаа хүрээд эхэлжээ.
Романд яруу найрагч Р.Чойном тухайн үеийн нийгмийн гажуудлыг илчлэн шүлэг бичсэнийхээ төлөө улс төрийн хэрэгтэн болж, чанга дэглэмтэй хорих газарт дөрвөн жилийн ял эдэлсэн, нутаг заагдсан хийгээд амьдралынхаа сүүлийн жилүүдэд нийгэмд гадуурхагдан аж төрсөн тухай өгүүлэх ажээ.
Ирээдүй хойчис маань номын далайд сэлж
Их хөгжлийн дөрөөнд ухамсраар мордох болтугай...