Аугаа эх орны дайнд ялсны 80 жилийн ойд зориулсан маркийг олон нийтэд танилцууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. “Аугаа эх орны дайнд ялсны 80 жилийн ой”-д зориулсан Монгол шуудангийн сэдэвчилсэн маркийн нээлт, “анхны өдрийн дугтуйн” тамгалах үйл ажиллагаа Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны төвд өнөөдөр боллоо.
Уг маркт цэлмэг тэнгэрийг бэлгэдсэн цэнхэр дэвсгэр дээр төв хэсэгт нь Е.В.Вучетичийн бүтээл “Сталинградын тулалдааны баатруудад” зориулсан алдарт “Эх орон дуудаж байна” хөшөөг дүрсэлжээ. Түүнчлэн энх тайван, ялалт, цэргийн алдар хүнд, бахархлын бэлгэдэл лаврын мөчир, Георгийн туузыг дүрсэлсэн байна. Энэ хөшөө нь ард түмнийг эх орноо хамгаалах тэмцэлд уриалан дууддаг билээ.
Марк танилцуулах үйл ажиллагааг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков нээж хэлэхдээ “Юуны өмнө Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан шуудангийн сэдэвчилсэн марк гаргасан “Монгол шуудан” компанид талархал илэрхийлье. Энэ нь Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан тул энэхүү маркийг нээж танилцуулах, эхний өдрийн дугтуйг тамгалах ёслолд оролцож байгаадаа баяртай байна” хэмээлээ.
Мөн “Аугаа их эх орны дайнд ялсны 80 жил” сэдэвт шуудангийн шинэ марк, анхны өдрийн дугтуйны худалдаа Маркийн газар, Төв шуудангийн үйлчилгээний “А” заал, Шуудангийн үйлчилгээний 21, 36, 38, 46, 51 салбараар худалдаж эхэллээ.