ЗАВХАН: Сээрийн нуруу ирвэстэй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын
нутаг, Хомын тал, Сээрийн нуруунд
байршуулсан камерт ирвэсийн дүрс бичигджээ.
Завхан аймгийн Хомын тал нь арал мэт өвөрмөц тогтоцтой учир амьтдын аюулгүй таатай амьдрах орчин болдог. Зарим амьтны хувьд хоргодож үлдэх сүүлчийн тархац нутаг ч байж болох юм гэж "Хомын талын тахь" ТББ-аас онцлов.
Ер нь хүнд
барагтай бол харагддаггүй нууцлаг зэрлэг амьтдыг судлахад автомат камер их
чухал байдаг.
Дээрх камерууд нь
хөдөлгөөний өндөр мэдрэгчтэй хэдий ч зарим гэрэл зураг чанарын шаардлага
хангахааргүй байна. Түүнчлэн зэрлэг амьтдын үр төлтэйгөө хамт болон ижил сүргээсээ тасарч буй байдал, зан
төлөвийг ч дээрх гэрэл зургуудаас харж судалж болохоор байгаа нь сонирхолтой
юм.
Тиймээс бид Хомын талын амьтдыг судлах зорилгоор хэд хэдэн
газарт камер байршуулсан. Сээрийн нуруунд тавьсан камерт энэ хавар ирвэсийн хэд
хэдэн дүрс бичигдсэн байна. Энэ нутагт үе үе цоохор ирвэс гүйдлээр тохиолддог нь дүрс бичлэгт үлдэн баримт болж
байна.
Хомын тал нь монгол орны баруун хэсэгт, Их нууруудын хотгорт орших бөгөөд Их Монгол элсний баруун хойд үзүүр болон Хар нуур, Багануур, Дөргөн нуур, Завхан гол, Тээл гол зэрэг ус намгархаг газруудтай, говь хээрийн бүсийн нутаг юм.
Баруун, хойд
болон зүүн талаараа хоорондоо холбоо бүхий усан сүлжээгээр, өмнөд талаараа их
элсэн манхнуудаар хашигдсан 2900 хавтгай дөрвөлжин км талбай бүхий
"байгалийн арал" юм.
Хомын талд 46
зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 7 нь бүс нутгийн болон олон улсын улаан
дансанд бүртгэгджээ. Үүнд, тахь, янгир, хар сүүлт зээр, бөхөн, цагаан зээр,
зэгсний зэрлэг гахай зэрэг амьтад байна гэж Хомын талын тахь ТББ-аас
мэдээлэв.
Завхан
аймагт цоохор ирвэсийн тархац байршлын судалгааг тогтмол хийж
байна. Цоохор ирвэсийн ул мөр болон түүний идэш тэжээл бологч
амьтдын судалгааг өнгөрсөн жил хаягийн судалгааны арга зүйг ашиглан
Отгонтэнгэрийн дархан цаазат газар, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт
газрын хилийн зааг орчимд хийж, баас зэргийг илрүүлсэн байна.
Монгол орны цоохор ирвэсийн тоо толгойг тогтоох дээрх судалгааны нэг хэсэг болох тохиолдлын судалгааны үр дүнгээр цоохор ирвэсийн тархац нутгийг цоохор ирвэс тохиолдох магадлал бага, дунд болон өндөр ангилалд хуваан тодорхойлсон.
Бидний
болон хамтрагч байгууллагуудын хийсэн автомат камераар цоохор ирвэсийн тоо
толгойг тогтоох ажлууд бүгд цоохор ирвэс тохиолдох өндөр магадлалтай буюу гол
амьдрах орчинд хийсэн тул цоохор ирвэс тохиолдох магадлал дунд болон бага
амьдрах орчнуудад тоо толгой нь хэрхэн хэлбэлздэг талаар мэдээлэл дутмаг байна.
Нийт хэдэн тооны толгой цоохор ирвэс бий гэсэн нэгдсэн тоог хэлэх боломжгүй. Учир нь цоохор ирвэсийн тархац, байршлын судалгаанууд л хийж байна.
Дэлхийн байгаль
хамгаалах сангаас ирүүлсэн удирдамж, арга зүйн дагуу автомат камеруудыг
Отгонтэнгэрийн дархан цаазат газар, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт
газруудад нийт 32 байршилд байршуулсан.
Байршуулсан
камерт ирвэсийн дүрс
тэмдэглэгддэг. Зэрлэг амьтны мониторинг судалгаанд зориулан байршуулсан камеруудад зэрлэг амьтдын дүрс
тэмдэглэгдэн үлддэг.
Өнгөрсөн оны
тавдугаар сараас эхлэн Алдархаан, Эрдэнэхайрхан сумын нутгаар нэн ховор,
ховор цоохор ирвэс, аргаль, янгир ямааны төллөлт зэргийг камераар судалж байна.
Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нэн ховор цоохор ирвэсийн хоёр бүл,
аргаль, янгирын болон бусад зэрлэг амьтдын 2500 гаруй гэрэл зураг камерт
бичигдэж, судалгаанд ашиглаж байна гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны
ахлах мэргэжилтэн Б.Энхээ мэдээлэв.