“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг төв талбайд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. НЗДТГ, Спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйтай Улаанбаатар-2025“ олон нийтийн өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 10-нд зохион байгуулна.
Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилготой тус өдөрлөгийн үеэр дугуйн спортын тамирчид, сонирхогчдын дунд тэмцээн, уралдаан болж, дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээ, ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдод зориулсан чөлөөт худалдаа болох юм.
Тухайлбал, баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас буюу 4-5 насны ангилалд 200 метр зайд уралдана.
Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна.
Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй тамирчид 30-40 км зайд 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн
өдөрлөг нь төрөөс баримталж буй биеийн тамир, спортыг хөгжүүлэх,
иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, дугуй
унах, нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон
хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад
чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцлов.