Ү Вон Шиг: Монголын талаарх солонгосчуудын ойлголт сүүлийн жилүүдэд үнэхээр их нэмэгдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2025-05-03 13:01:35

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн ойрын түнш БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зориулж өгсөн ярилцлагыг толилуулж байна. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад 2025 оны 4-р сарын 26-30-нд албан ёсны айлчлал хийсэн билээ.

 

-Бүх түвшинд гүнзгийрэн хөгжиж буй Монгол Улс, БНСУ-ын харилцаа хамтын ажиллагаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллага хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Монгол, Солонгос хоёр орны хувьд 1990 онд дипломат харилцаа тогтоосон. Энэ жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн даргын хувиар 12 жилийн дараа Монгол Улсад айлчлах болсондоо маш их баяртай байна.


Манай хоёр улсын хувьд өнгөрсөн 35 жилийн турш бүхий л салбарт харилцан найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Энэхүү найрсаг харилцаандаа тулгуурлан цаашид эдийн засгийн болон олон төрлийн асуудал дээр хамтарч ажиллах маш ойр дотно орон гэж бид үздэг. Монголд ирмэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хурлын даргатай албан ёсны уулзалтууд хийлээ. БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд Монгол Улс өөрчлөлт шинэчлэлтийг хийж байсан тэрхүү он жилүүдээс эхлээд л хоёр орны харилцаа гүнзгийрч ирсэн.

Намайг Монголд айлчлах энэхүү хугацаанд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн биднийг угтан авсан. Ж.Чинбүрэн гишүүн УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийг ахалж ажилладаг. Энэ айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан биднийг оройн зоогт урьсан. Маш таатай, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн хүлээн авалт болсон.


Монголд “Сайн морийг унан байж мэднэ, сайн хүнтэй нөхөрлөн байж танина” гэдэг зүйр үг байдаг тухай дуулсан. Монголд ирснээр монгол хүнтэй биечлэн уулзаж үзсэнээр монгол хүний сайн сайхан бүхнийг мэдэх, таних завшаан тохиолоо.


 

-Хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болсон ямар төслүүд хамгийн амжилттай хэрэгжиж байна вэ, хойшид, нэн ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын ямар төслүүд дээр хамтран ажиллах таатай боломж байна гэж Та үзэж байна вэ?

-Гурван төслийг дурдмаар байна. Юуны түрүүнд, Монгол Улс байгалийн арвин баялаг нөөцтэй . Манай хоёр улс 2023 оны 2-р сард газрын ховор металлын салбарын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, мөн оны 6-р сард Монгол Улс, БНСУ, АНУ гэсэн гурван улс чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрийг эхлүүлсэн. Түүнээс гадна Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төвийг байгуулж, чухал ашигт малтмалыг хамтдаа хайж илрүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа.


Хоёрдугаарт гэвэл, Монголд ирээд хамгийн түрүүнд хийсэн ажил маань Тэрэлж байгалийн цогцолбор газарт очиж мод тарьсан үйл явдал байлаа. Монголын зүйр үгэнд “Нэг мод таривал мянган буян ирнэ” гэж ярьдаг. Тэр үүднээс хамгийн түрүүнд мод тарьсан.

Түүнээс гадна хоёр орны хувьд “Ногоон хэрэм” төслийг хамтран хэрэгжүүлж ирсэн. Энэ төсөл гурав дахь шатандаа үргэлжилж явна. Мод тарих талбай дээр очиж үзэхэд энэхүү төслийг цаашид улам бүр үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлгосон. Мод тарих нь бидэнд тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд маш чухал үүрэг гүйцэтгэх төсөл юм.

Гуравдугаарт, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт өнгөрсөн 35 жилийн туршид маш их нэмэгдсэн боловч цаашид өсөн нэмэгдэх боломж бололцоо их байна.

Тэр үүднээс хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийг байгуулахаар дөрвөн шатны албан ёсны хэлэлцээр хийсэн. Сүүлийн үед АНУ-аас үүдэлтэй тарифын бодлого, худалдааны дайн зэргээс болоод дэлхий даяар тодорхойгүй бус байдал даамжирч байна. Энэ үед хоёр улс бүс нутагтаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэхэд хамтын ажиллагаа чухал гэдгийг хэлмээр байна.


-Солонгос улс соёлын зөөлөн хүчний бодлогыг манлайлагч орнуудын нэг. Монгол залуус солонгос соёл, уламжлалын талаар ихээхэн мэдлэг, мэдээлэлтэй болжээ. Харин солонгосчууд монгол орон, монголчуудын тухай хэр сайн мэдэх вэ? 

-“Монгол” гэхээр солонгос хүнд хамгийн түрүүнд Чингис хаан, түүний байгуулсан их эзэнт гүрэн, тэр түүхээр нь сайн мэднэ. Манай хоёр ард түмэн бол эртнээс түүхэн хэлхээ холбоотой, бидний хэл, соёл төдийгүй зүс царай төстэй шүү дээ. Би Улаанбаатарт ирээд их гайхсан. Манай Сөүлийн хаа сайгүй байдаг CU болон GS25 дэлгүүрүүд байсан.

Шинээр баригдаж байгаа орон сууцны барилгуудыг харахад манайхтай адилхан  санагдсаных ч юм уу, Улаанбаатар хотоор явж байхад Сөүл хотынхоо нэг дүүрэгт явж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Солонгост сүүлийн үед нэг ийм үг гарсан байна. Манай Сөүл хотын ойролцоо Дунтан гээд хот байдаг. Харин Монголд ирээд Мунтан гэж Улаанбаатарыг нэрлэж болохоор байна. Үнэхээр манай Сөүл хоттой адилхан байна гэдэг зүйлийг манай иргэд их хэлэх болсон. Өнгөрсөн жилүүдэд хоёр орны иргэд хоорондын харилцаа тасралтгүй өсөн нэмэгдэж ирлээ.

2023 оныг хүртэл Монголоос Солонгос руу явдаг иргэдийн тоо илүү байсан бол 2024 оноос эхлээд Солонгосоос Монгол руу аялах хүмүүсийн тоо илүү их болсон гэсэн мэдээг би сонссон. Сүүлийн үед манай солонгос залуусын хамгийн их аялах дуртай орноор Монгол Улс тодорч байгаа. Байгалийн өргөн уудам тал нутаг, мөн шөнө од харах дуртай. Тиймээс маш олон телевизийн сувгаар Монголын тухай нэвтрүүлэг гардаг болсон байна.

 

Манайд нэг ийм үг байдаг. Нэг ч удаа Монгол руу явж үзээгүй хүн байдаг ч, ганцхан удаа явсан хүн байдаггүй юм аа.


Тэр үүднээс ч гэсэн хоёр талд иргэд хоорондын харилцаа маш их эрчимжиж байгаа. Түүнийхээ хэрээр Монголын талаарх солонгос хүмүүсийн ойлголт сүүлийн жилүүдэд үнэхээр их нэмэгдсэн гэдгийг хэлмээр байна.


-Та монгол орон монголчуудын тухай сэтгэгдлээ хуваалцаж болох уу?

-Монгол Улсад ирээд хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол өргөн уудам тал нутаг, хөх тэнгэр гээд үзэсгэлэнт байгаль нь байлаа. Монгол малчин айлд зочилж ахуй соёлтой нь танилцан, цагаан идээ амсаж үзсэн. Монголын хөдөө нутгийн шөнө тэнгэрийн оддыг харсан нь сэтгэлд үнэхээр тод үлдсэн. Намайг бага байхад Солонгост шөнө од харагддаг байсан. Түүнээс хойш од харах хэцүү болсон л доо.

Нүүдэлчин ахуй соёлтой танилцаж байхад монгол хүмүүсийн эгэл даруу хэрнээ байгальтайгаа дасан зохицож амьдарч буй ахуй соёл нь гүн сэтгэгдэл төрүүллээ.

Монголын хэд хэдэн үзэсгэлэнт газраар очсоны нэг нь тахь сэргээн нутагшуулсан газар байсан л даа. Тэнд саяхан гарсан унага байсан. Түүнд би “Хавар” гэж нэр өгсөн. Учир нь, хаврын улирал бол хамаг амьтан ичээнээс гарч, ургамал сэргэдэг улирал юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хоёр улсын найрамдалт харилцааг бэлгэдэж надад морь бэлэглэсэн. Мориндоо солонгосоор “Волдам” гэж нэр өгсөн. Энэ нь “Хашаа давах” гэсэн утгатай үг л дээ.

Яагаад ийм нэр өгсөн бэ гэвэл, өнгөрсөн оны 12 дугаар сард манай улсад гэнэтийн онц байдал зарласантай холбоотой түүнийг цуцлахын тулд Үндэсний ассамбейн гишүүд болон би өөрийн биеэр ассамблейн хашаа давж, онц байдлыг цуцлан хэв журмыг тогтоосон. Хоёр улсын сайхан найрсаг харилцаанд ямар нэгэн сорилт бэрхшээл тулгарч болно. Тэр бүрд хоёр улс аливаа асуудлыг давж чадна гэсэн бэлгэдлээр ийм нэр өгсөн.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалантай таван удаа уулзаж, маш өргөн сэдвээр ярилцаж байлаа. Ярьж байх үед надад яах аргагүй л манай хоёр улсын ард түмэн гадаад төрх төдийгүй дотоод үзэл болол, сэтгэлийн мөн чанар нь хоорондоо маш төстэйг ойлгосон.

Монголчуудын ардчиллаа хэрхэн хайрлаж, хамгаалж бэхжүүлж байгаа, эдийн засгийн хөгжилд хүрэхийн тулд олон хичээл зүтгэл гаргаж байгаа нь бидний доторх бодолтой адил төстэй санагдсан. Монголд ирсэн сэтгэгдэл маш өндөр байна, Монгол Улс бидэнд маш дотно сайхан сэтгэгдэл төрүүллээ.











Холбоотой мэдээ