Орос, Украины талууд дахин уулзахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-17 09:03:14

ИСТАНБУЛ, 2025 оны тавдугаар сарын 17 /Anadolu/. Орос, Украины төлөөлөгчид Истанбул хотноо хэлэлцээ хийсний дараа Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан Истанбулын энхийн хэлэлцээний ач холбогдлыг онцлон тэмдэглэв. 


“Өнөөдөр дэлхийн энх тайвны хувьд чухал өдөр байлаа” гэж Х.Фидан X хуудсандаа нийтэлжээ. Туркийн зуучилсан дипломат хэлэлцээний үр дүнд итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр талаас тус бүр 1000 олзны цэрэг солилцох тохиролцоонд хүрсэн гэдгийг тэрбээр онцолсон байна.


“Талууд мөн гал зогсоох нөхцөлүүдийг нөгөө талтайгаа бичгээр хуваалцахаар тохиролцсон. Мөн дахин уулзах талаар зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн. Туркийн зүгээс бид Орос, Украины хооронд тогтвортой энх тайвныг тогтоохын тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлэх болно” гэж Туркийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ.


Баасан гарагт Орос, Украины талууд хоёр улсын хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш хамгийн олон олзны цэргийг солилцохоор тохиролцлоо гэж Украины Батлан ​​хамгаалахын сайд Рустем Умеров мэдэгдсэн байна. Истанбулд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Р.Умеров хэлэхдээ, энэхүү хэлэлцээр нь уулзалтын гол үр дүн гэдгийг онцлоод, солилцооны товыг тогтоосон боловч одоогоор зарлах боломжгүй гэлээ.


Турк улс хүмүүнлэгийн болон энх тайвны дипломат ажиллагаанд дэлхий нийтийн хүчин чармайлтыг тэргүүлж байна гэж Туркийн ерөнхийлөгч Истанбулд болсон Орос-Украины энхийн хэлэлцээний дараа мэдэгджээ. Хоёр цаг орчим үргэлжилсэн Истанбулын энхийн хэлэлцээнд Орос, Украин, Туркийн улс төр, батлан ​​хамгаалах, тагнуулын салбарын өндөр албан тушаалтнууд оролцсон байна.

Холбоотой мэдээ