Гавъяат дасгалжуулагч А. Доржсүрэнгийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-03 16:43:33

Волейболын спортын ууган гавъяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэн агсны нэрэмжит улсын аварга шалгаруулах өсвөр үеийн гар бөмбөгийн тэмцээн Мандалговь хотод өнөөдөр эхэллээ. 16 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 67 багийн 500 гаруй тамирчин энэ удаагийн тэмцээнд оролцож байна.

Гавъяат дасгалжуулагчийн нэрэмжит тэмцээнийг 2006 онд түүний гэр бүл, үр хүүхдүүд санаачлан Дундговь аймагт анх зохион байгуулж байсан бол тэмцээнийг Монголын Волейболын холбоо дэмжин Улсын аварга шалгаруулах тэмцээн болгож өргөжүүлжээ. Энэ удаагийнх 11 дэхь тэмцээн болж байна.

“Монгол Улсад гар бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмэр оруулж, ажил амьдралынхаа бүхий л үеийг зориулж ирсэн ханийнхаа үйлс гавъяаг дуурсган мөнхжүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Жил бүр тэмцээнд оролцогчдын цар хүрээ улам бүр өргөжиж, улсдаа нэр хүндтэй, волейболын спортод эзлэх байр суурьтай тэмцээн болж чадсанд баяртай байдаг” хэмээн гавъяат дасгалжуулагч А. Доржсүрэнгийн гэргий Д. Хишигтогтох сэтгэгдэл хуваалцсан юм.

Тэмцээнийг нээж аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ хэлсэн үгэндээ, А. Доржсүрэн дасгалжуулагчийн волейболын спортын талбарт олон арван шавь төрүүлж, Дундговь аймгийн нэрийг энэ спортын тавцанд дуурсгаж явсан цаг үе бол манай аймгийн түүхэнд онцлон дурьдагдах ёстой он жилүүд яах аргагүй мөн хэмээн онцлоод гавъяат дасгалжуулагчийн нэрэмжит тэмцээнийг цаашид ч дэмжин зохион байгуулж байхаар Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан гэлээ.

Дундговь аймгийн өсвөрийн тамирчдын хувьд тус тэмцээнээс 2012 онд мөнгө, 2013 онд алт, 2014 онд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ удаад 6 баг өрсөлдөхөөр бэлтгэлээ хангажээ.

Тэмцээнийг Монголын Волейболын холбооны ерөнхий шүүгч Хүрэлхүү тэргүүтэй шүүгч нар шүүн тунгаах бөгөөд тэмцээн энэ сарын 9- ныг хүртэл үргэлжилнэ.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ