Монгол, Оросын сэргээн засварлагчид туршлага солилцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан “Өчигдрөөр ирээдүйг харахуй” сэдэвт сэргээн засварлагчдын анхдугаар бага хурал боллоо.
Хурлаар Монгол Улсын соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын өнөөгийн түвшин, хэрэглэж буй бодис хэрэглэгдэхүүн, материал, орчин үеийн дэвшилтэт багаж, тоног төхөөрөмжийн хэрэглээ, шинэ судалгаа, сэргээн засварлах арга зүй, урлан, лабораторийн онцлог, бүрдэлтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Соёлын өвийн
үндэсний төвийн захирал Г.Энхбат ярихдаа “Хурлын хүрээнд хоёр орны байгууллага
хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. ОХУ бол түүх, археологийн
олдворыг сэргээн засварлалтаараа арвин түүхтэй, туршлагатай, өөрийн арга
барилтай улс. Тиймээс бид музейн үзмэр, дурсгалт уран барилга, хээр хөдөө орших
хөшөө чулуу зэргээр сэргээн засварлах чиглэлээр олон улсын арга туршлагыг авч
хэрэгжүүлэх боломж гарч буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, монгол орныхоо
байгалийн онцлогт тохирсон сэргээн засварлах арга зүй, технологийг бий болгох
туршлага судалж байна гэсэн үг. Хурлын хүрээд тус улсын төлөөлөгчид орон
нутгаар явж, сэргээн засварлалтын ажилтай танилцах юм. Түүнчлэн Сэргээн
засварлах төвийн төрөлжсөн лаборатори, археологийн олдвор чиглэлээр хамтарч,
мэргэжилтэн бэлтгэх тал дээр ажиллана” хэмээв.
Харин ОХУ-ын Соёлын яамны Төрийн хамгаалалттай түүх, соёлын дурсгал хамгаалах газрын орлогч дарга Проценко Денис Сергеевич “Өнөөдрийн үйл ажиллагаа нь хоёр улсын ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлж, олон талт ажлыг хамтарч хийж ирснээрээ онцлог бөгөөд шинэ ажлын эхлэл гэж үзэж байна. Мөн сэргээн засварлалтын чиглэлийн салбарын төлөөлөгчид туршлага солилцлоо. Бид Соёлын өвийн үндэсний төвийн байгальд оршиж байгаа түүх, дурсгалын хөшөө, лабораторитой танилцснаараа Монголд сэргээн засварлалтын үйл ажиллагаа өндөр түвшинд байгааг харлаа. Бидний зорилго бол хамтын ажиллагааг бэхжүүлж, мэргэжил тус бүрийн чиглэлээр харилцан туршлага хуваалцах юм. ОХУ-ын сэргээн босгох чиглэлийн сургалт судалгаа нь эртнээс уламжлалтай. Цаашид Монголын сэргээн засварлагчид ОХУ-д ирж туршлага судалж, харилцан сургалт судалгаа явуулж ажиллана” гэж ярилаа.
Хуралд ССАЖЗЯ-ны
Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, ОХУ-ын
Соёлын яамны Төрийн хамгаалалттай түүх, соёлын дурсгал хамгаалах газрын орлогч
дарга Проценко Денис Сергеевич тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.