Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” үзэсгэлэнгийн олон тал

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-23 09:51:02

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд олны хүртээл болж байна.


Энэ нь түүний уран бүтээлийн замнал дахь тав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн юм. Тус үзэсгэлэнд 150 орчим бүтээл дэлгэжээ. Үүнд 50 ширхэг усан будгийн зураг, 50 ширхэг зураасан зураг, 50 ширхэг каллиграф болон бусад төрлийн бүтээлүүд багтсан байна. Мөн уран бүтээлчийн оюутан үеэс эхлээд өнөөг хүртэлх 30 жилийн уран бүтээлийн дээжийг нэг дороос үзэх боломжийг олгож буйгаараа онцлог аж. 


Л.Амарсанаа нь 1994-1999 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, профессор багш Я.Оюунчимэгийн урланд суралцаж, зураасан зургийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн юм. Түүний багш Я.Оюунчимэг монголын зураасан зураг, усан будгийн урлагийн нэрт мастер, олон шавь бэлтгэж, бүтээлүүд нь улсын сан хөмрөгт хадгалагдсан нэр хүндтэй уран бүтээлч билээ.


“FIFTY” үзэсгэлэнд зураасан зургийн олон төрлийн техник, арга ажиллагааг харуулсан ба төмөр бар, модон бар, хулдаасан бар, монотип, бэхэн зураг, уран бичлэг зэрэг өргөн хүрээний бүтээлийг цогцоор нь дэлгэн үзүүлжээ. Зураач Л.Амарсанаа уран бүтээлдээ багшаасаа өвлөсөн арга барил, зохиомжийн шийдэл, дүрслэлийн онцлогийг шингээхийн зэрэгцээ орчин үеийн өнгө аястай хослуулан хөгжүүлж байна.


Түүнчлэн тэрбээр дотоод, гадаадын 20 гаруй оронд зохион байгуулсан үзэсгэлэн, үйл ажиллагаанд оролцож, монголын дүрслэх урлагийг олон улсад сурталчлахад бодит хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм.


Тус үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.  











Холбоотой мэдээ