Москва хотын Эх орны дайны төв музейн талбайд Монгол морьдын хөшөөний шав тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2016-11-03 20:54:54

Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн өдөр Москвагийн “Поклонная гора”  дэнж дэх Эх орны дайны төв музейн талбайд Монголын нэрт  барималч  А.Очирболдын “Ялалтад хүрсэн морьд” хөшөөний шав тавих  ёслол боллоо.

Шав тавих ёслолын үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа хэлсэн үгэндээ, "Фронтын  хүнд  хэцүү бэрхшээлтэй  замаар их буу чирсэн монгол морьдыг хөшөөнд мөнхөлх ард түмний санаа санаачилгыг  Монголын төрийн тэргүүн  дэмжсэн билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Аугаа их Ялалтын 70 жилийн ойн баярт ерөнхийлөгч В.В. Путины урилгаар оролцохоор ирэхдээ “Ялалтад хүрсэн морьд” хөшөөний танилцуулгыг хийсэн юм.  

 Энэ оны  10 дугаар сарын 13 -ны өдөр Москва хотын Монументаль урлагийн комисс  хөшөөг одоогийн  шав тавьж буй энэ газар байрлуулах тухай санал нэгтэй шийдвэр гаргасан.

Хөшөөг Москвад  авчирснаас  жил хагасын  дараа буюу өнөөдөр  Монгол-Оросын хооронд  дипломат харилцаа тогтоосны 95 жилийн түүхт ойн өдөр  шавийг нь  тавьж буйд туйлын баяртай байна. Энэ хөшөөг  бүтээхэд  гүн туслалцаа үзүүлсэн  ОХУ- ын ерөнхийлөгч В.В. Путин, Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга  Н.П.Патрушев, ОХУ ын ГХЯ,  Москвагийн Монументаль урлагийн  газар, Москва  хотын Засгийн газрын дэргэдэх Соёлын газар, “Поклонная гора “ музейн захиргааны хамт олонд гүнээ талархсанаа илэрхийлье” гэлээ.

Элчин сайд Б.Дэлгэрмаа “Ялалтанд хүрсэн морьд” хөшөөний  нээлт ирэх жилийн Ялалтын  баяраар болно хэмээв .Тэрээр  манай ард түмний энэхүү хөшөөг “Поклонная  гора“ дэнжийн  Ялалтын цэцэрлэгт  байрлуулах болсон тухай шийдвэр нь хоёр орны  найрамдлын тод томруун бэлэг тэмдэг байх  бөгөөд цаашид манай хоёр орны хоорондын найрсаг  харилцаа, хамтын ажиллагааг  улам бүр бэхжүүлэх болно” гэлээ.

Энэхүү арга хэмжээнд   Монгол улсын ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Монгол улсаас ОХУ -д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ОХУ-ын ГХЯ- ны Азийн Нэгдүгээр газрын захирал  А.Б.Кулик, Москва хотын  Соёлын өвийн газрын нэгдүгээр орлогч дарга С.М.Мирзоян болон Москва хотын гүйцэтгэх засаглалын тэргүүн нар оролцов. Мөн Москва хотын олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид,  Монголын улсын  Элчин сайдын  яамны дипломат ажилтнууд, Орос, Монголын  хэвлэл мэдээлллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид  болоод Москвад суралцаж байгаа цэргийн академи болон сургуулиудын сонсогчид, аспирантууд  оролцов.

 

Москва хот. А.Огторгуймаа       

Холбоотой мэдээ