ОРХОН: Уурхайчдын спортын их наадамд оролцох тамирчид 2000 бүйлс тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-22 14:31:33

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Эрч хүч-Эв нэгдэл” уриан дор Эрдэнэт хотноо зохион байгуулж буй “Уурхайчдын спортын их наадам-2025”-д оролцохоор ирсэн баг тамирчид, Эрдэнэт үйлдвэрийн ногоон төгөлд 2000 гаруй бүйлс тарилаа.


Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн салбарынхан манлайллаа дахин харуулж, спортын их наадмаа нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлэн эхлүүлж байна. 


Мод тарилтын эхэнд Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнх нар баг тамирчдад хандан спортын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаараа ямагт тэргүүн эгнээнд зогсож, ургуулдаг, нөхөн сэргээдэг уул уурхайг хөгжүүлэхэд салбарын бүхий л аж ахуйн нэгж, байгууллага, уурхайчин бүр санаачилга, зүтгэлтэй байхыг уриалсан юм. 


Эрдэнэт хотод энэ сарын 22-25-ны өдрүүдэд спортын 7 төрлөөр зохион байгуулж буй “Уурхайчдын спортын их наадам”-д уул уурхайн салбарын байгууллагуудын 40 багийн 1800 орчим тамирчин оролцож байна. Тэдний тарьсан 2000 гаруй бүйлс ирэх хавраас “Ногоон төгөл”-д үзэмж өнгө нэмэн цэцэглэнэ. Бүйлс хавар эрт цэцэглэж, 2.5 метр хүртэл өндөр ургадаг, гоёмсог бутлаг ургамал юм. Суулгацыг Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжлийн төслийн нэгжийн ойн мэргэжилтнүүд үржүүлэн бэлдсэн байна. Тус нэгжийн мэргэжилтнүүд нэг жилд 800 мянган тарьц, суулгацын үр үржүүлэн ургуулж байна. 

 

Өнөөдөр 12.00 цагаас эхлэн сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, ширээний теннис, шатар, дартс, и-спорт гэсэн 7 төрлийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд 9 заал, танхимд зэрэг эхэллээ.


"Уурхайчдын спортын их наадам"-ын нээлтийн ёслолын үйл ажиллагаа, нийт тамирчдын нэгдсэн жагсаал өнөөдөр 18.00 цагт Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын "Хангарди" паласт болно. 









Холбоотой мэдээ