СҮХБААТАР: Аймгийн Залуучуудын холбооны удирдлага, бүтэц шинэчлэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Залуучуудын хоёрдугаар чуулганыг 5 дугаар сарын 23-нд зохион байгуулж 13 сум, хувийн хэвшил, ААН-үүдийн төлөөлөл, нээлттэй бүртгэлээр бүртгүүлсэн 220 гаруй залуу оролцлоо.
Ээлжит
чуулганд Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөл болон удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн ажлын баг оролцож, холбооны удирдлага болон бүтцийг шинэчлэх сонгуулийн ажлыг удирдан зохион байгууллаа.
Чуулганаар
Туяахүүгийн Одончимэг нийт төлөөлөгчийн 64.2 хувийн саналаар Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны шинэ тэргүүнээр
сонгогдлоо.
Хяналтын зөвлөлийн даргаар Ц.Үүрцайх сонгогдсон бол дэд тэргүүнээр Э.Түвшинбаяр олонхын санал авч сонгогдов. Мөн 11 тэргүүлэгч, Хяналтын зөвлөлийн хоёр гишүүн сонгогдож шинэ бүтэц бүрэлдэхүүн үүрэгт ажлаа хүлээн авсан юм.
Ц.Өлзийжаргал тэргүүнтэй Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо нь 2018 оноос хойш ажилласан бөгөөд энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, амжилтаа чуулганд оролцогчдод тайлагнав.
Өнгөрсөн хугацаанд аймгийн ИТХ-аар "Нутгийн залуус" хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, сар бүрийн 25-ныг "Залуучуудын өдөр" болгон тэмдэглэж, аймгийн шилдэг залуу шалгаруулах "Next step" ёслолын үйл ажиллагаа, Залуучуудын ААШ шатрын тэмцээн, "Өөрчлөлтийг өөрөөсөө өдөрлөг" зэрэг олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг тогтмол хийж ирсний зэрэгцээ залуучуудыг хөгжүүлэх, идэвхжүүлэх сургалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулж бүх сумын салбар холбоог шинэчлэн, үйл ажиллагааг нь тогтмолжуулсан байна.
Энэ бүх ажлаараа Сүхбаатар аймгийн залуучуудын холбоо нь МЗХ-ны шилдэг салбар холбоогоор хоёр, Бүсийн шилдгээр нэг удаа тус тус шалгарч байсан юм.
Тус аймгийн нийт хүн амын 40 хувийг 18-39 насны залуус эзэлж байна.