Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд К.Навроцкий ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-02 15:30:23

ВАРШАВ, 2025 оны зургаадугаар сарын 2 /PAP/. Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд Кароль Навроцкий 50.89 хувийн саналаар ялсныг тус улсын Сонгуулийн үндэсний хорооноос албан ёсоор мэдэгджээ. 


Тус хорооны цахим хуудсанд мэдээлснээр, К.Навроцкий хоёр дахь шатны сонгуулиар 10 606 877 санал буюу 50.89 хувийн санал авсан бол “Иргэнийн эвсэл” намаас нэр дэвшигч Рафал Тшасковскийг 10 сая 237 мянга 286 сонгогч /49.11 хувь/ дэмжжээ. Ингэснээр К.Навроцкий 369 591 саналын зөрүүгээр ялсан байна. 


Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ирц 71.63 хувьтай байлаа. Санал хураалт ням гаргийн 07:00 цагаас 21:00 цагийн хооронд үргэлжилсэн юм. Сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүнгээр Р.Тшасковский 50.3 хувь, К.Навроцкий 49.7 хувийн санал авсан гэж өмнө нь мэдээлж байв. Энэ оны тавдугаар сарын 18-нд болсон сонгуулийн эхний шатанд Р.Тшасковский 31.36 хувь, К.Навроцкий 29.54 хувийн санал авсан бөгөөд тухайн үед сонгуулийн ирц 67.31 хувьтай байжээ.


Сонгуулийн дүн гарсны дараа Ерөнхийлөгч Анжей Дуда К.Навроцкийд баяр хүргэсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, иргэний үүргээ биелүүлсэн та бүхэнд баярлалаа. Польш улсын төлөө хариуцлага хүлээсэнд баярлалаа гэж А.Дуда X хуудсандаа бичжээ.

Холбоотой мэдээ