Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудал болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д гарсан осол, гал түймрийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр ханган хянаж ажиллаж буй. Эрчим хүчний салбарын нийт 46 компанийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц өнөөдрийн байдлаар дунджаар 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Дулааны цахилгаан станцуудын тоноглол 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ 32-62 жил буюу 40 орчим хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан аж. Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын хувьд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц энэ өдрийн байдлаар “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Шарын гол” ХК-ийн нийт гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна. Танилцуулгатай холбогдуулан цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.