АРХАНГАЙ: Хүннүгийн үеийн оршуулгын томоохон цогцолбор дурсгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-19 12:21:01

Эрдэнэбулган, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нутаг дэвсгэрт орших “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн газруудыг цувралаас танилцуулж байгаа билээ. Энэ удаад Өгийнуур сумын Хүннүгийн үеийн оршуулгын томоохон цогцолбор дурсгалын тухай өгүүлнэ.

 

Энэхүү дурсгалт газар Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс 24 км зайд оршдог. Тамирын голын хойд эрэгт шахаж тогтсон мөргөцийг нутгийнхан Улаан хошуу гэх бөгөөд булшнууд нь энэ хошууны баруун талын гүн жалга бүхий өндөрлөг дэнж газарт жалганы хоёр эргээр байрлана. Оршуулгын газраас өмнө тийш Тамирын гол илхэн харагдах ба хойд хэсгээр нь Орхоны модон гүүрээс Батцэнгэл сум орох төв авто зам өнгөрдөг. Энд 300 гаруй булш байхын зэрэгцээ, түүнээс холгүй оршдог зэрэгцээ 3 шороон хэрэмт суурингийн туурь зэрэг дурсгалууд бий.


Дурсгалт газрыг 2000 оноос хойш З.Батсайхан судалж, 10 гаруй булш малтсан байна. Мөн 2001 оноос Ц.Төрбат УБИС-ийн Түүхийн тэнхимийн оюутнуудын дадлагын ажлын хүрээнд 3 булш, 2013 оноос Монгол-Францын хамтарсан төслийн хүрээнд 31 булш малтан шинжилжээ.


Тамирын улаан хошууны булшууд 60 см хүртэл өндөртэй, цагариган хэлбэрийн дараастай, зарим тохиолдолд зүүн ба урд талдаа жижиг үүдэвчтэй, дараасны төв хэсэгтээ чулуугүй хотгортой байдаг. Зарим булшны зүүн талд хөшөө чулуу босгосон байдаг нь Хүннүгийн зарим дурсгалд тохиолддог шинж юм. Булшны нүх нь харьцангуй том бөгөөд гүн байна. Тухайлбал 13-р булшны нүх 5 м гүнтэй байжээ. Оршуулгын түвшинд дүнзэн хашлага хийж, шургааг модоор тагладаг бөгөөд дотор нь банзан авс үйлддэг. Эндхийн булшууд бүгд хүнээ зүүн зүгт хандуулан оршуулснаараа онцлогтой.


Мөн шавар ваар сав харьцангуй олон тоотой гардаг бөгөөд зэр зэвсгийн зүйлс цөөн гардаг онцлогтой. Түүнчлэн тахилгын ба хойлгын адуу малын яс цөөн байдгийг дурдах нь зүйтэй. Уг оршуулгын газрын онцлог байдлыг харгалзан хүннүгийн булшны доторх Тамирын голын хэмээх нэгэн орон нутгийн бүлэг байна гэсэн таамаглал байдаг.


Оршуулгын газрын зүүн хэсгийн зарим булшны нүхний гүн ба талбайн хэмжээ асар том байх бөгөөд 20 м.кв талбайтай 5 м гүнтэй булшнууд гарч байгаа нь яав ч жирийн иргэдийн гэж хэлэх аргагүй бөгөөд орон нутгийн язгууртнуудын булш гэж үзвэл зохино. Түүнчлэн эндхийн булшнаас урьд өмнө Хүннүгийн дурсгалаас олдож байгаагүй, судалгааны өндөр ач холбогдолтой олон олдвор хэрэглэгдэхүүн гарсны дотор 13-р булшнаас боловсруулж нүхэлсэн чонын шагай, хэлхээтэй зооснууд, гоёл чимэглэлийн хээ чимэглэлтэй мөнгө ба алтан ялтсууд, алтан ээмэг, 17-р булшнаас бүрэн тоног хэрэгсэлтэй эмээл, түүний төмөр бүүрэг, хазаар, амгай зуузай зэрэг гарсан байна.


Мөн эндхийн булшнаас урьд өмнө Хүннүгийн дурсгалаас илэрч олдоогүй 5 төрлийн шавар сав суулга илэрсэн нь уг дурсгалын онцгой байр суурийг харуулж байна





Холбоотой мэдээ