ӨВӨРХАНГАЙ: Орон сууцны барилга барих явцад ямар асуудал гардаг вэ?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-19 18:54:21

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Орон сууцны барилга барих явцад олон талын асуудал тулгамдаж байна.

Иргэдийн хэлж шүүмжилснээр дийлэнх нь зай талбайгүй, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжгүй, барилга барих зөвшөөрлөө аваагүй хэрнээ ажлаа эхлүүлдэг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдөж, ажилтнууддаа төдийгүй ойролцоох айл өрхүүд, иргэдэд хохирол учруулдаг гэхчлэн асуудал ундарсаар байх ч шийдэгдэх нь ховор.


Нөгөө талаасаа 2008 онд баталсан Хот байгуулалтын тухай хуулинд орон сууц барих газрын хэмжээ, барилгын өндөр зэргийг тусгаагүйгээс өнөөдрийн нэгнээ дэрлэсэн олон барилгууд бий болж байгаа юм.


Тус хуулинд барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байхаар тусгасан. Мөн барилга барих зориулалтаар олгосон газрын 60 хувиас илүүгүй талбайд  барилгаа барьж, үлдсэн 40 хувийг ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолоор тохижуулахыг заасан байдаг.



Тиймээс орон сууцны бүсэд оршиж байгаа айлын газрыг худалдан авсан компаниуд алга дарам газрынхаа 60 орчим хувьд 10 хүртэлх давхар барилга барьж байна. Түүнчлэн барилга хоорондын зай нь тууш, хөндлөн байрлал болон давхраараа ялгаатай ба хамгийн багадаа 10 метр зайтай байхыг нормчилсон. Гэтэл барилга, хувийн сууцны хоорондын зай тодорхой бус. Үүнийг нэг давхар барилгын гал тусгаарлах хамгаалалтын зай буюу 6 метр байхаар авч үздэг.


Энэ дүрэм, журам нь ойрхон зайд өндөр барилгууд баригдах шалтгаан болдог бөгөөд барилгын компаниуд журамд заасан норматив, хэм хэмжээг зөрчөөгүй гэдгийг хэлж байна. Гэвч газраа худалдаж чадаагүй айлууд тал талаасаа орон сууцны барилгад шахагдаж, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөл алдагдаж байгаа юм.


Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь барилгажилтын явцад хяналт тавихдаа хууль журмын заалтаа л баримталдаг, тухайн айлуудын газраа худалдах, эс худалдахад нөлөөлөх боломжгүй гэж байлаа.

Харин барилга баригч компанид ойролцоох айл өрхүүдтэй тохиролцохыг санал болгодог ч дор хаяж 300 сая төгрөгөөр үнэлдэг учраас “наймаа” тохирдоггүй байна. Иймд цаашид орон сууцны зориулалтаар газар олгохдоо цогцоор буюу хотхон хэлбэрээр төлөвлөх нь хаа хаанаа асуудал дагуулахгүй, хариуцлагатай түншлэл болох юм.


Барилгын компаниуд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчих асуудал багагүй гардаг. Үүний улмаас ойролцоох айлууд эд хөрөнгөөрөө хохирох, хүний алтан амь эрсдэх асуудал гарсан. Үүнд улсын байцаагчийн зүгээс удаа дараа албан шаардлага, акт өгч, техник төхөөрөмжийг лацдаж, хуулийн байгууллагад хандан шүүхийн шийдвэр гаргуулж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Энэ жил аймгийн төвд таван барилга баригдаж эхэлсний дөрөв нь зөвшөөрлөө аваагүй байгаа аж. 

Холбоотой мэдээ