“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ 2021 онд баталсан “Оюу толгой ордоос
Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын
хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа
илэрхийлэв. Монголын талд үр ашигтай байх шаардлагын үүднээс Оюу толгой
төсөлтэй холбоотой асуудлуудыг бүтэн зургаар нь авч үзэх шаардлагатайг онцлон
тэмдэглэв. Тухайлбал, үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаа,
татвар, байгаль орчин, ялангуяа ус ашиглалт зэрэг асуудлыг багцаар нь шийдэхийн
төлөө хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж, эдгээр
асуудлаар нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллах
саналаа илэрхийлсэн байна.
“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон шийдлээ хүлээж буй асуудлуудаар ширээний ард сууж, хамтран ажиллах тал дээр нээлттэй хандаж буйгаа илэрхийллээ. Уулзалтад “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, тус компанийн Өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх нар оролцов гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.