Эх, хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-08 02:07:51

Эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах,  төрөх насны эмэгтэйчүүдийн  бүртгэл хөтлөлт, нэрийн хяналтыг сайжруулахтай холбогдуулан “Эх, хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулъя” зорилтот аяныг Баянхонгор аймагт эхлүүлжээ. Аян есөн сарын хугацаанд 2 үе шаттай үргэлжилнэ.

Он гарсаар Баянхонгор аймагт 3 эхийн эндэгдлийн тохиолдол бүртгэгдэж, эх барихын ноцтой хүндрэл удаа дараа гарч, гэрийн төрөлт 6, 20-иос доош насны төрөлт, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн байна. Нялхасын эндэгдэл улс, аймгийн дундажаас өндөр, эхийн эндэгдлийн 3 тохиолдлын 2  нь жирэмсний хяналтад огт байгаагүй, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд байжээ. Тиймээс тус аяныг эхлүүлж, нутаг дэвсгэртээ бүртгэлтэй төрөх насны эмэгтэйчүүдийн бүртгэл, хөдөлгөөнийг харьяа эрүүл мэндийн байгууллагатай хамтран нэгжийн түвшнээс эхлэн зохион байгуулж байгаа аж.

Мөн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчнийг эрт илрүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг шат дараатай тасралтгүй зохион байгуулах юм байна. Ийнхүү төрөх насны эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, жирэмсэн, төрсний дараах эх, нялхасын хяналтыг сумын эрүүл мэндийн болон Засаг даргын зөвлөлийн хурлаар улирал бүр хэлэлцэн, тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлж байхаар тогтжээ. Түүнээс гадна орон нутгийн хэмжээнд БЗДХ-ын тархалтыг зогсоох цогц арга хэмжээг зохион байгуулан, нярай ялангуяа эрт нярай үеийн болон дутуу нярайн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал, асаргаа сувилгааг сайжруулах, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, бага насны хүүхдийн осол гэмтлийг бууруулах ажлууд хийгдэх юм байна.                                                                                                                              Б.Мөнхзул

Холбоотой мэдээ